Гватемал Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Элчин сайд Сара Солисыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-04-15 11:29:57

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд Бүгд Найрамдах Гватемал Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Элчин сайд Сара Солисыг хүсэлтийнх нь дагуу ЭСЯ-нд энэ сарын 10-нд хүлээн авч уулзав.


Уулзалтаар Элчин сайд Сара Солис Монгол Улсад ойрын хугацаанд албан томилолтоор ажиллахаар төлөвлөж буйгаа мэдэгдэж, төр, хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзах, Гватемал улсаас бараа, бүтээгдэхүүн импортлох боломжийг судлах, их сургууль хооронд хамтын ажиллагаа бий болгох, тус улсыг сурталчлах асуудлыг хөндлөө.


Элчин сайд С.Сүхболд хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээрийн монголын талын төсөл хүргүүлснийг дурдаж, эцэслэн тохирох ажлаа шуурхайлахыг хүсэв.


Монгол Улс, Бүгд Найрамдах Гватемал Улстай 2006 оны долоодугаар сарын 3-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс Гватемал Улсыг Бүгд Найрамдах Куба Улсаас хавсран, Гватемал Улс Монгол Улсыг БНСУ-аас хавсран суудаг гэж БНСУ-д суугаа ЭСЯ мэдээллээ.

 

Холбоотой мэдээ