Сонгуулийн дөрвөн хэсэгт дахин санал хураалт явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-10-28 12:08:50

   Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн сумын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар Увс аймгийн сонгуулийн дөрвөн хэсэгт нэр дэвшигчдийн авсан санал тэнцсэн тул дахин санал хураалт явуулахаар болсон байна.

Завхан сумын Хяргас нуур баг, Хяргас сумын Хайрхан баг, Сагил сумын Үүрэг нуур баг, Тариалан сумын Хөхөө багт МАН-ын нэр дэвшигчид тэнцүү тооны санал авчээ. Иймээс тухайн нэр дэвшигчдийн дунд маргааш буюу энэ сарын 29-ны бямба гарагт дахин санал хураал явуулах гэж байна. Одоогоор хэсэг тус бүрт санал тэнцсэн хоёр хүний нэртэй саналын хуудас хэвлэгдэж ирээд аймгийн ЗДТГ-ын байранд цагдаагийн хамгаалалтад байна.

“Сонгуулийн ирц хүрээгүйгээс биш, харин нэр дэвшигчид ижил тооны санал авсан учраас дөрвөн хэсэгт дахин санал хураалт явуулахаар болсон. Өнөөдөр бид тухайн хэсгүүдэд саналын хуудсыг цагдаагийн хамгаалалттай хүргэж өгнө” хэмээн аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Эрдэнэсүрэн манайд мэдээллээ.

Увс аймаг Б.Батхүү

 

 

 

Холбоотой мэдээ