БУЛГАН: Асган дэвсгийн буган хөшөөний онцлог судлаачдын сонирхол татдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-03-28 10:09:14

Булган,2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Сайхан сумын төвийн урд, Хүрэмтийн голын урд дэвсэгт Асган дэвсэгийн буган хөшөө дурсгал оршиж байна.


Уг дэвсгийг нутгийнхан Асган дэвсэг гэж нэрлэдэг бөгөөд энд босоо, хэвтээ хоёр буган хөшөөтэй юм. Босоо хүрмэн чулуун хөшөөний өндөр нь 1,31 см, өргөн нь 56 см, зузаан нь дундуураа 28 см наран буюу нүүрэн талын зүүн доохон дөрвөн морины өндөр нь 11 см-тэй дүрс, хөшөөний ар талд нь нэг нэг чинжаал хутга сийлсэн боловч  буга дүрсэлсэнгүй.

 

Харин газарт шигдэн хэвтэх нарийхан боржин чулуун хөшөөний урт нь 1,80 см, өргөн нь 29 см дээш харсан талд нь таван бугыг сонгодог загварчилсан дүрслэлээр дээш өлийлгөн сийлсэн нь өгөршиж элэгдсэн хэдий ч тод ажиглагдана.


Хийсэн чулуулаг, дүрслэлийн хувьд өөр, өөрөөр хэлбэл нэг нь хүрмэн, нөгөө нь боржин, нэг нь адуун, нөгөө нь буган чулуу боловч эдгээр хөшөөд үндсэндээ адил цаг үеийн буюу хүрлийн үеийн хөшөөний хоёр хувилбар болох нь тодорхой.


Харин орчин тойрон нь хүрмэн чулуутай, гол ус нь хүртэл Хүрэмтийн гол гэгддэг энэ нутгийн хүрмэн чулуун хөшөөтэй боржин чулуун хөшөө зэрэгцэн буй нь сонирхолтой бөгөөд магадгүй уг дурсгал өөр газраас зөөгдөж ирсэн ч байж болохыг Монгол дахь түүх соёлын дурсгал номд дурдсан байдаг. 

Холбоотой мэдээ