ДУНДГОВЬ: Аймгийн хоршоологчид "Шинэ хоршоо" хөдөлгөөний үр дүнг хэлэлцэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд Дундговь аймгийн 15 сумын
350 гаруй хоршоологч оролцсон зөвлөгөөн 3 дугаар сарын 13-нд тус аймгийн Төв
халхын дуулалт жүжгийн театрт боллоо.
Зөвлөгөөнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, М.Мандхай, Г.Ганбаатар нар оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн.
Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд өнөөдөр Дундговь аймагт
463 хоршооны 1603 гишүүн 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ.
Зөвлөгөөний үеэр зээлийн эргэн төлөлт, анхаарах асуудал,
малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл, хоршоодод
эзэмшүүлэх 5 га газар, тэжээлийн ургамал тариалахад хүсэлт гаргах зэрэг асуудлаар
холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийж, амжилттай ажиллаж байгаа хоршоод
туршлагаа хуваалцсан юм.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Хоршоологчдын зөвлөгөөн”-ий
индэр дээрээс хэлсэн үгэндээ “Шинэ хоршоо хөдөлгөөн эхлээд удаагүй ч Дундговь
аймгийн малчид идэвхтэй оролцож, аймгийнхаа нэг жилийн төсвөөс хавьгүй илүү
зээл авч чадсан байна. Аймгийн удирдлагуудын зүгээс ч тус хөдөлгөөний бодлого,
шийдвэрийг сайн ойлгож, сайн дэмжиж, шинэ хоршоодод олгож байгаа зээлийг
аймагтаа орж ирж байгаа хөрөнгө оруулалт хэмээн хүлээн авч байгаа нь онцлог
байна гээд цаашид хөдөөгийн иргэдийн амьжиргааг бодитой дэмжих бодлогыг тууштай,
урт хугацаанд дэмжин ажиллана. Тиймээс та бүхэн маань нэг удаагийн асуудлаа
шийдээд өнгөрөх биш, илүү урт хугацаанд ажлаа төлөвлөж, үе удмаараа илүү сайхан, чинээлэг амьдрахын
төлөө хоршооныхоо үйл ажиллагааг чиглүүлж ажиллаарай” гэсэн юм.
Зөвлөгөөний төлөөлөгчид зээл авахад тулгамдаж буй асуудал, малын индексжүүлсэн даатгалын ач холбогдол, малчдын хашиж, хамгаалсан бэлчээрийг чөлөөлөх нь малчдад хүндрэл учруулж байгаа тухай болон бусад асуудлаар мэргэжлийн хүмүүсээс асууж, зөвлөгөө, тайлбар авчээ.