Нийслэлийн Ардчилсан намаас мэдэгдэл гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-10-26 16:33:23

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл НИТХ-д Баянзүрх дүүрэгт тус намаас сонгогдсон 6 нэр дэвшигчийг хассан үйлдлийг хууль бус хэмээн эсэргүүцэж мэдэгдэл гаргав.

Мэдэгдэлд "Бид сонгуулийн үр дүнг МАН шиг “хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдэж байгаагүй. Ардчилсан нам УИХ болон аймаг, НИТХ-ын 2016 оны сонгуулийн дараа эрх баригч МАН-ын зүгээс сонгуулийн амлалтаасаа буцаж, урьдах бүхнээ үгүйсгэхэд хүлээцтэй хандаж ирсэн. Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн үеэр эрх баригчдын зүгээс гаргасан хууль бус үйлдлүүд нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг боомилсон цаашид буруу жишиг тогтоох ноцтой үр дагаварыг бий болголоо гэж Нийслэлийн Ардчилсан нам дүгнэж байна. 

Ихэнхи сум, дүүрэгт ИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэхгүй хасч, зарим газар өрсөлдөгчгүй сонгууль болсон нь иргэний сонгогдох эрх, сонгогчдын сонгох эрхийг бүдүүлгээр хаасан хууль бус үйлдэл гэж Нийслэлийн ардчилсан нам үзэж байна.

Сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам ялалт байгуулсан Баянзүрх дүүрэгт ард түмнээс сонгогдсон 6 нэр дэвшигчийг хууль бусаар хассан үйлдэл нь Монгол улсын сонгуулийн 26 жилийн түүхэнд гарч байгаагүй бусармаг явдал болж, сонгуулийн ардчиллыг үгүй хийн, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн үйл ажиллагаагаа даруйхан зогсоохыг МАН-аас Нийслэлийн Ардчилсан нам шаардаж байна" гэжээ.

Н.Туяа

 

Холбоотой мэдээ