Агаарын бохирдол нь эрүүл залуусын судсыг гэмтээдэг

Дэлхийд | Эрүүл мэнд
dorjkhand@montsame.mn
2016-10-26 12:03:51

ВАШИНГТОН. /Xinhua/. Агаарын бохирдол нь эрүүл чийрэг залуучуудын судсыг гэмтээж, үрэвсэл үүсгэдэг байж магадгүй гэдгийг Америкийн судлаачдын саяхан хийсэн судалгаа харууллаа.

Агаарын бохирдол нь зүрх судасны өвчин үүсгэхэд нөлөөлдөг гэсэн түгээмэл ойлголт байдаг хэдий ч судсанд нөлөөлөн өвчин үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг эсэх нь тодорхойгүй байсан юм.

Харин дээрх судалгаагаар агаар бохирдуулагч PM2.5 буюу моторт тээврийн хэрэгсэл, үйлдвэр, дулааны цахилгаан станц, гал болон утаа зэргээс ялгардаг маш нарийн ширхэгт хатуу ба шингэн бохирдлыг судалжээ.

Өвөрмөц уур амьсгал, газарзүйн онцлогоос шалтгаалан агаарын бохирдолд нэрвэгдсэн Юта муж улсын Прово хотод амьдардаг эрүүл чийрэг бөгөөд тамхи татдаггүй 72 залууг судалгаанд хамруулжээ.

2013-2015 оны өвлийн улиралд дунджаар 23 настай эдгээр залуусаас авсан цусны дээжийг зүрх судасны өвчнийг оношлох багажаар шинжилжээ. Шинжилгээний хариу гарахад, PM2.5-ын улмаас залуучуудын биед хэд хэдэн хэвийн бус өөрчлөлт гарсан болохыг тогтоосон байна. Тодруулбал, PM2.5 нь эсийг гэмтээж, үхэлд хүргэх аюултай бичил тоосонцоруудыг нэмэгдүүлдэг ажээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ