Пап лам Францис эмчилгээ хийлгэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАТИКАН, 2025 оны хоёрдугаар сарын 18 /DW/. Пап лам Францис “эрүүл мэндийн нарийн төвөгтэй асуудалтай” тулгараад байгаа тул Ром хот дахь Жемеллийн нэрэмжит эмнэлэгт шаардлагатай хугацаанд хэвтэн эмчлүүлнэ гэж Ватиканы хэвлэлийн алба даваа гарагт мэдэгджээ.
Сүүлийн өдрүүдэд болон өнөөдөр хийсэн шинжилгээгээр амьсгалын замын
полимикробын халдвар илэрсэн тул эмнэлэгт
зохих хугацаанд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж мэдэгдэлд
дурдсан байна. Пап ламын биеийн байдал тогтвортой, халуураагүй гэдгийг дараа нь мэдэгджээ.
Ингэснээр өдгөө 88 настай Францис 2023 онд уушгины хатгалгаа тусаж байсан үеийнхээс илүү удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэж, товлосон ажлуудаа цуцлахад хүрсэн байна. Францис Х нийгмийн сүлжээн дэх хаягаараа сүсэгтнүүдэд хандан бичихдээ “энэ өдрүүдэд та бүхний зүгээс надад зориулж буй хайр халамж, залбирал, элэгсэг дотно сэтгэлд” талархал илэрхийлжээ. Даваа гарагт Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Маттео Бруни хэлэхдээ, Пап лам “сайн байгаа” гэсэн байна.
Ням гарагт түүний биеийн байдлыг “тогтвортой” байгаа гэж тодорхойлсон бөгөөд тэрбээр Газын зурвас дахь католик
шашны нийгэмлэгийн гишүүдтэй утсаар ярьсан гэж Италийн “Mediaset” телевиз мэдээлжээ.
Пап ламын үүрэг
гүйцэтгэж байхдаа таалал төгссөн хамгийн сүүлчийн хүн бол 2005 онд 84
насандаа нас барсан II Иоанн
Павел юм. Тухайн үед Пап лам паркинсоны өвчнөөр шаналж байсныг нууцалсан гэх шүүмжлэлд Ватиканы захиргаа өртөж байв.