Канцлерт нэр дэвшигчдийн мэтгэлцээнд Ф.Мерц давамгайлав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЕРЛИН, 2025 оны хоёрдугаар сарын 17 /DW/. Бундестагийн ээлжит бус сонгууль болохоос долоо хоногийн өмнө буюу өнгөрсөн ням гарагт канцлерт өрсөлдөж буй дөрвөн нэр дэвшигч телевизээр мэтгэлцлээ.
Германы түүхэнд анх удаагаа
дөрвөн нэр дэвшигч оролцсон das Quadrell /Дөрвийн халз тулаан/ мэтгэлцээн хоёр
цагийн турш үргэлжилж, түүнд Германы
Социал-демократ намаас нэр дэвшигч Олаф Шольц, Христийн ардчилсан холбоо нам/Христийн
нийгмийн холбоо намын эвслээс нэр дэвшигч Фридрих Мерц, хэт барууны “Германы
төлөөх өөр сонголт” намаас нэр дэвшигч Алис Вайдел, “90-ийн холбоо”/Ногоон
намын эвслээс нэр дэвшигч Роберт Хабек нар оролцож байр сууриа илэрхийллээ.
Анхаарлын төв дэх Альтернатив
сонголт нам
А.Вайделийн хувьд, тэрбээр анх
удаа өрсөлдөгчидтэйгээ нүүр тулан уулзаж мэтгэлцэхдээ “улс оронд үүссэн бүх хүндрэл бэрхшээл нь тэдний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй” гэдгийг
хэлэв. Өөрийнх нь намыг национал-социалистуудтай адилтгаж байгаа нь олон сая сонгогчдыг
доромжилж буй хэрэг гэдгийг
Вайдел сануулан дурдсан бол Ф.Мерц хэлэхдээ, манай эвсэл хэт барууны үзэлт “Германы
төлөөх өөр сонголт” намтай хамтран ажиллахгүй гэлээ. О.Шольц мэдэгдэхдээ “национал-социализмаас
сургамж авч, хэт барууныхантай хамтрахгүй байх нь Германы хувьд уламжлал мөн”
гэдгийг дурдав.
Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хурлын үеэр АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс “Германы төлөөх өөр сонголт” намыг дэмжсэн агуулгатай үг хэлснийг Р.Хабек, Ф.Мерц нар шүүмжилсэн байна.
Орос, Украины асуудал
Шольц, Мерц, Хабек нар мэдэгдэхдээ,
АНУ, ОХУ хоёр Украинд энх тайвныг тогтоох гэрээг Киев, Европ хоёрын оролцоогүйгээр
байгуулах ёсгүй гэлээ. Харин Вайдел “Д.Трампын засаг захиргаа Кремльтэй шууд
хэлэлцээ хийх” гэж буйг дэмжжээ. Энэ байр сууринаасаа болж “Германы төлөөх өөр
сонголт” нам гурван жилийн турш аймшигтайгаар доромжлуулсаар ирснийг тэрбээр хэлсэн байна.
Москватай хэт ойрын холбоотой гэж
Хабек тус намыг шүүмжилсэн бол хариуд нь Вайдел “манай нам Зүүн Европ ба Баруун
Европтой маш сайн харилцаатай” гээд Украинд зэвсэг нийлүүлж байгаа учраас Оросын
тал Германыг төвийг сахисан улс гэж үзэхгүй байна гэжээ. Мерц хариулахдаа “бид
төвийг сахиагүй, бид Украины талд байгаа, бид өөрсдийн улс төрийн тогтолцоог
хамгаалж байна” гэв.
Эдийн засаг ба цагаачлал
Эдийн засгийн асуудлаар Шольц,
Хабек нар хэт баячуудад ногдуулж буй татварыг нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. Харин Мерц “дайны дараах Германы
түүхэн дэх хамгийн ноцтой эдийн засгийн хямралыг үүсгэсэн” хэмээн тэднийг буруутгасан байна. Вайделийн хувьд, хүлэмжийн хийн татвар
ба сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг хүчингүй болгохын төлөөх байр сууриа илэрхийлсэн
байна.
Тэрбээр хэлэхдээ “Мерц Германы
социал-демократ нам эсвэл Ногоон намтай хамтран улс орныг удирдах гэж байгаа
учраас сонгуулийн өмнө өгч байсан амлалтуудаасаа ухрах нь ойлгомжтой” гэлээ. Сонгуулийн дараа
Социал-демократ нам ба Ногоон намтай эвсэл байгуулах асуудлаар хэлэлцээ хийнэ хэмээн Мерц мэдэгдсэний сацуу ХАХ/ХНХ намуудын эвсэлтэй байр сууриа /тухайлбал,
цагаачлалын асуудлаар/ ойртуулж чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр мөн Афганистаны цагаачдыг нутагт нь буцаахыг уриалсны хариуд Р.Хабек тус улсад Талибан
бүлэглэл засгийн эрх барьж буйг санууллаа.
Forsa компаниас явуулсан санал
асуулгын дүнд үндэслэн телевизийн n-tv суваг мэдээлснээр, Мерц мэтгэлцээнд ялсан
хэмээн үзэгчдийн 32 хувь нь дүгнэсэн бол Шольц 25 хувийн, Вайдель, Хабек нар
тус бүр 18 хувийн дэмжлэг
авчээ.
Одоо дөрвөн нэр дэвшигч 17-ны орой
телевизийн ARD сувгийн Wahlarena хөтөлбөрт оролцож, иргэдийн асуултуудад хариулна. 19-ний өдөр Welt TV сувгаар явагдах
мэтгэлцээнд Шольц, Мерц нар оролцох бол 20-нд болох мэтгэлцээнд Бундестагт
суудалтай бүх намаас канцлерт нэр дэвшигчид оролцоно.