ДОРНОД: "Дөл" сонин анхны дугаараа гаргасны 80 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-02-16 11:42:40

Чойбалсан, 2025 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн "Дөл" сонин анхны дугаараа гаргасны 80 жилийн ой тохиож байна.


МАХН-ны Төв хорооны Улс төрийн товчооны 1944 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар хурлын тогтоолд Дорнод, Завхан, Хөвсгөл, Дорноговь, Сүхбаатар, Увс, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь, Ховд аймагт сонин байгуулах шийдвэр гаргаж, Дорнод аймгийн сониныг "Дөл" хэмээн нэрлэжээ. Ийнхүү 1945 оны нэгдүгээр сарын 1-нээс “Дөл” сонины анхны редакц эрхлэгч, үсэг өрөгч, хэвлэгч, бичээч нарын орон тоотойгоор ажлаа эхэлсэн байна.



1945 онд Монгол Ард Улс Японы милитаристаас монгол үндэстнийг чөлөөлөх, өөрийн тусгаар тогтнолын баталгааг бэхжүүлэхийг зорьж, барга ба дотоод Монголыг чөлөөлөх дайнд Монголын ардын армийн цэргийн олон төрлийн анги салбарууд Дорнод хязгаараас өргөн фронтоор давшилтад орсон юм. Тэдгээр анги хүчний нэг нь “Дөл” хэмээх тусгай отряд байв. Тодруулбал, Японы милитаристын эсрэг дайн зарламагц ЗХУ, Монгол Улсын Засгийн газрууд өөрсдийн нийгмийг аюулаас хамгаалах байгууллагуудын шугамаар тусгай чиглэлтэй нууц хоёр отрядыг дотоод монголын ба барга нутгийн фронт дээр зохион байгуулжээ. Барга Монголын чигийн фронтод зохион байгуулсан отрядыг “Дөл” гэж нэрлэж, отрядын гол бүрэлдэхүүнд сайн дурын морьт отрядынхан, аймгийн Авто бааз, аймгийн “Дөл” сонины редакц багтжээ.


“Дөл” отряд фронт дээр ирмэгц Японы цэргийн үлдэгдлийн довтолгооноос отрядаа хамгаалах, ухуулах хуудас хэвлэж тараах, уул модонд дүрвэж зайлсан ардуудыг уриалан буцааж ирүүлэх, орон нутгийн хуучин эрх баригчидтай холбоо тогтоох, нутгийн Засаг захиргааг зохион байгуулах зэрэг ажлыг өдөр шөнөгүй, ус бороон дундуур ч үргэлжлүүлэн хийж явсан байна. Үүний зэрэгцээ сайн дураараа Монголд орж ирэхийг хүссэн барга хүмүүс, сумдыг зохион байгуулж, Монгол руу явуулж байв. Энэ хугацаанд Японы нуугдан үлдсэн 20, 30 гаруй хүний бүрэлдэхүүн бүхий анги хэсэгтэй тулалдсан байна. Үүний дотроос 1945 оны 8-р сарын эцсээр Баргын нутаг Оршуун голын дэргэд Японы томоохон ангитай тулгарч, байлдаж сөнөөсөн бөгөөд энэ үйл явдлаас онцлон тэмдэглэх нэг зүйл бол аймгийн “Дөл” сонины газар редакцийн бүрэлдэхүүнээрээ байлдаж, сониноо хэвлэх, ухуулах, дүрвэгчдийг цуглуулах ажлуудыг хослуулан хийж гавьяа байгуулсан нь урьд өмнө гараагүй ховорхон тохиолдол болсон байдаг.


“Дөл” сонины эрхлэгч Ш.Бат-Очирын дурсамжид, “Дөл сонины хэвлэгч Ц.Данзандаржаагийн тагнуулын мэдээг хүлээн авмагц... манай отряд шууд дайран довтлохоор сөрөг давшиж билээ. 09.00-16.00 цагийн хооронд Японы бүлэглэл хүчийг бут цохиж, үлдэгсдийг буулган авч Зөвлөлтийн цэргийн командад тушаасан. Оршуун голын тулалдаанд “Дөл” сонин бүх бүрэлдэхүүнээрээ оролцож байлдсан бөгөөд үсэг өрөгч Содном, Ханзан, хэвлэгч Данзандаржаа нар онц гарамгай тулалдсан учраас орой нь отрядын дарга тэднийг жагсаалын өмнө гарган сайшааж баяр хүргэсэн” гэжээ.


Мөн Чөлөөлөх дайны халуун үйл явдал, түүх “Дөл” сонины шарласан хуудаснаа тод томруун үлдсэн байдаг. Тухайн үеийн Дөл сонин мэдээллийнхээ боломж багтаамж, хүртээмжийнхээ хүрээнд хэрэглэгчдийнхээ оюун санааны эрэлт хэрэгцээг хангаж, бүр тодорхой хэлбэл, хилийн чанадад дайны нөхцөлд сонины хэд хэдэн дугаар, олон мянган ширхэг ухуулах хуудсыг хээрийн нөхцөлд “Партизан” хэмээн нэршсэн гар ажиллагаатай машинаар бэлтгэж хэвлэн нийтэлж, түгээж байсан нь түүх архив, янз бүрийн эх сурвалжид тэмдэглэгдсэн байдаг. Тухайлбал, сонины эрхлэгчийн тэмдэглэлд, “... Замдаа тохиолдсон Японы бүлэглэлийг бут цохисоор Хайлаарт хүрч ирлээ. Энд тэнд буу дуугарч, их л хөл үймээнтэй байв. Манайхан Үржин Гармаев гэгч хүний сууж байсан хоёр давхар дүнзэн байшинд байрлаж, 14-нд сониныхоо хоёр дахь дугаарыг 20 мянган хувь, гурван төрлийн ухуулах хуудас 15 мянган ширхгийг хэвлэж оросын цэргийн ангид өгч онгоцоор тараалгасан. Гурав дахь сониноо 15,16-нд гаргахаар бэлэн болгов. Энэ үед Зөвлөлтийн цэргийн дээд командлалаас байлдааны мэдээ авч сониндоо нийтэлдэг боллоо” гэжээ.


Дайны фронтод үүрэг гүйцэтгэж байсан “Дөл” сонин тавдугаар дугаартаа Японы цэргийн анги нэгтгэлүүд ялагдал хүлээж, бууж өгөх болсон тухай “Их ялалт” гэсэн өгүүлэл нийтэлжээ. Энэ сониныг 20 мянган хувь хэвлэж, Баргын бүх хошуунд онгоцоор тараасан байна. Дараагийн 6-р сонины материалыг 14-ний шөнө эрхлэгч Ш.Бат-Очир боловсруулан бэлтгэж өрөлтөд нийлүүлсэн юм. Наймдугаар сарын 18,19-ний өдөр “Дөл” сонины 7 дахь дугаар гарч, түүнд гадаад, дотоодын давхар дарлалд байсан Өвөр Монгол, Хятадын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнол олж авахад сайхан боломж нээгдлээ гэсэн материалыг нийтэлжээ.

 

Сүүлийн арав гаруй жилд “Дөл” сонины энэхүү түүхэн гавьяа, Чөлөөлөх дайнд оруулсан хувь нэмэр, редакц нь бүрэн бүрэлдэхүүнээрээ дайны фронтод ажиллаж байсан тухай гэхчлэн сонирхон судлах нь эрчимжиж байна. Түүхт 80 жилийн ойтойгоо золгосон "Дөл" сонин А3, өнгөт найман нүүрээр хэвлэгдэн уншигчдынхаа гарт хүрч, орон нутагт тогтмол хэвлэлийн үүргээ гүйцэтгэж байгаа юм. 



Холбоотой мэдээ