ЗАВХАН: Баянтэс суманд сургуулийн шинэ барилгыг ашиглалтад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Баянтэс суманд 320 хүүхдийн суудалтай
сургуулийн барилгын ажил дуусаж улсын комисс хүлээн авчээ.
Спорт заал, 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг улсын төсвийн 6.164.0 төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Цэнхэр тэнгэрийн орон оч" ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн байна.
Барилгын ажлыг 2023 онд эхлүүлж, 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр
ашиглалтад хүлээлгэн өгчээ.
Сургуулийн барилга нь спорт, урлаг, хоолны заал бүхий гурван давхар барилга юм. Одоо ашиглаж байгаа сургуулийн барилга нь 1972 онд ашиглалтад орсон палкан байшин. Энэ барилгыг 2014 онд засварлан 220 хүүхдийн хичээлийн байр болгож өргөтгөн ашиглаж байсан, 20x70 -ийн хэмжээтэй барилга юм.
Шинэ сургуулийн барилгын ажил дуусаж ашиглалтад орсноор Баянтэс сумын ерөнхий боловсролын сургууль нэг ээлжээр хичээллэх боломжтой болсон тухай Баянтэс сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Баянтэс сумын хүүхэд багачууд тохитой, тухтай орчинд сурч хүмүүжих боломжтой болов
Баянтэс сумын ерөнхий боловсролын сургууль хичээлээс гадуурх дугуйлан, сонгоныг хичээллүүлэх боломжтой болжээ