Н.Нанжид: Одоогоор 20 гаруй га талбайгаас хадлан бэлтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Буянт мал сүргээ өсгөн үржүүлж, арвин ашиг шим хүртэн орон
нутагтаа сайн сайхан амьдарч яваа залуу
малчдын төлөөлөл болсон,
хадланч Н.Нанжидтай уулзаж цөөн хором ярилцлаа.
-Өнгөрсөн жил Увсад хүндхэн өвөл болсон. Энэ жил
өвөлжөө тавтай байна уу?
-Тавтай сайхан өвөлжиж байна. Мал маллах гэдэг ер нь хүний хөдөлмөр шаардсан ажил байдаг.
Өнгөрсөн жил маш хэцүү жил болсон. Цасны зузаан 60 см хүрсэн. Аймгийн
төвөөс ковш трактор очиж зам гаргаж өгч байлаа. Би өөрөө трактораараа 2 удаа зам
гаргасан.
Манайх 170 гаруй үхэртэй өвөлжсөн. Нийтдээ 3500 пресс, 420 уут хивэг бэлдэж авсны
хүчинд өвлийг гарз багатай
даван туулсан. Бэлтгэл сайн хийсэн, хөдөлмөр их зарсны хүчинд үхрийн төл бүрэн
барьсан. Туслах малчингүй,
эхнэртэйгээ
хоёулаа зүтгэж давсан даа. Хүүхдүүдийн хичээл тарахаар ирж тусалж байсан. Энэ
жилийн хувьд өнтэй сайхан байна.
-Өөрөө хадлангаа бэлддэг болохоор давуу
тал юм даа?
-Тийм ээ.
Би өөрийн техниктэй болж, 2009
оноос хойш хадлан хадаж байна. Одоогоор 20 гаруй га талбайгаас хадлан бэлтгэж
байгаа. Ойр хавийнхаа хүмүүст хадлан ногоог нь хадаж, прессэлж өгнө. Энэ жилийн
хувьд 28 мянган пресс боосон. Үүнээс өөрийн хэрэгцээнд 4000-ыг нь авсан, үлдэгдлийг зэргэлдээ сумд руу борлуулсан. Ирэх жилийн хувьд сум болон багийнхаа фондод өвс
хийж өгөх бодолтой байгаа.
-Хэдийнээс мал маллаж эхэлсэн бэ?
-Багаасаа
мал малласан. Одоо
Улаангом сумын 8-р багт эхнэр, 4
хүүхдийн хамт малаа маллаад амьдарч байна. Мал маллах гэдэг амаргүй ажил. Өглөөнөөс орой болтол зав чөлөөгүй ажилладаг.
Манайх жилд 60-80 үхэр нядалж зах зээлд нийлүүлж байна. Энэ жил 150 гаруй үхэр
өвөлжүүлж байгаа. Өвлийн улиралд оройд бүх үхрээ битүү
хашаанд оруулж уяад,
өглөөд тавьж гаргана. Баасыг
нь түүнэ, өвс тэжээлээ өгнө, саана гээд л ажил ундарна шүү дээ. Газар нутаг хуурайшилт ихтэй, урд
жилүүдээс хадлан ногоо, бэлчээр ер нь хумигдах янзтай болж байна.
-Танайх таван хошуу малтай юу?
-Таван хошуу
мал өсгөх гэхээр байгаль орчиндоо захирагдаад болохгүй байна. Өвөлжөөний үед
үхрийн бэлчээр, хонины бэлчээр тусдаа байдаг. Гэтэл хүн бүлгүй бид чинь ийш тийшээ яваад байж чаддаггүй
болохоор үхэр, адуугаа өсгөөд нэг газар төвлөрч байна. Манай эхнэр 5-11 дүгээр сар хүртэл цагаан идээ боловсруулдаг. Манайх ааруул, тос, өрөм
ээзгий зэргийг хийгээд аймагтаа болон Ховд аймаг руу явуулж борлуулдаг.
-Ашиг шим сайтай мал өсгөх талаар
бодол байгаа юу?
-Одоохондоо
шийдэж чадахгүй байна. Байгаль орчинд хэр таарах юм бол мэдэхгүй байна. Төслөөр
бух тараахад нэг бух авсан энэ жил нийлүүлэгт орно. Ирэх жил төлийг нь авч
эхэлнэ. Одоогоор монгол үхрээ өсгөн үржүүлж байна.
-Жил хүндэрсэн үед суурин газар
амьдрах хүсэл төрж байв уу?
-Бэлтгэлээ
сайн хийдэг болохоор жил хүндэрсэн ч гайгүй байдаг. Гараад худалдаад авах
хивэг, тэжээл бүгд бэлэн байна. Иймээс малаа
зөв маллаад,
ашиг шимээ хүртээд явбал малчид сууринд
ажиллаж амьдарч байгаа хүмүүсээс ялгаагүй амьдарч байна. Гар утас, зурагт радио, хөргөгч хөлдөөгч, 12 вольтоор
ажилладаг угаалгын машин хүртэл гарчихсан. Малчин бидний нэг давуу тал ямар
нэгэн цагт баригдахгүй амар байдаг. Хэдэн малынхаа буянаар сайхан амьдарч
байна.
-Ямар нэгэн даатгал, зээл тусламж, мах
сүүний урамшуулал хүртдэг үү?
-Тийм урамшуулал авдаггүй. Өнгөрсөн жил хоршооны
зээлээс 40 сая төгрөг авч хадлангийн тоног төхөөрөмжөө шинэчлэн заримыг
нь шинээр нэмж авсан. Энэ
зээлийн хувьд малчид бидэнд маш тустай зээл болж чадсан. Хүү бага, хугацаа удаан гэдгээрээ бидний амьдралд их дэм болсон. Одоохондоо
ямар нэгэн даатгалд хамрагдахгүй байна.
-Ярилцсанд баярлалаа.