СҮХБААТАР: Эв эеийг эрхэмлэж ажиллахыг удирдах ажилтнуудад захилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-01-24 15:22:24

Баруун-Урт, 2025 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн удирдах ажилтны сургалт зөвлөгөөн болж байна. Жил бүр болдог тус зөвлөгөөнд сумдын засаг дарга, ИТХ, ЗДТГ-ын дарга, ИТХ-ийн НБД нар болон бүх албан байгууллага, агентлагийн дарга, эрхлэгчид оролцож байна.

 

Сүхбаатар аймаг 2025 оныг Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага, нийгмийн баталгааг дээшлүүлэх жил болгон зарласантай холбоотойгоор цаашид анхаарах асуудал, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, бүх шатны төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаарх мэдээлэл, зөвлөгөөг оролцогчдод өгч байна.

 


Мөн аймгийн Засаг дарга М.Идэрбат орон нутгийн болон байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн юм. Тэрээр ярианы эхэндээ, Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг орон нутагт дагаж мөрдөх, хэрэгжүүлэхийн тулд аймаг, сум, багийн түвшинд нам эвсэл гэж ялгахгүй хамтарч, эв эеийг эрхэмлэж ажиллахыг чухалчлав.

 

Сүхбаатар аймгийн 13 сумын 10 нь удирдлагын түвшинд шинэчлэгдсэнтэй холбоотойгоор төрийн албаны ёс зүй, хэм хэмжээг баримтлан байгууллага, баг хамт олноо зөв залж, хувийн зохион байгуулалт хийгээд биеэ авч явах байдлаасаа эхлэн өөрсдөө үлгэрлэж, бүгдэд хүндэтгэлтэй хандахыг захилаа. Мөн төрийн аль ч шатанд хууль бус томилгоо хийхгүй байхыг онцгойлон анхааруулсан юм.

 

Зөвлөгөөн тусгай хөтөлбөрийн дагуу үргэлжлэх бөгөөд төгсгөлд нь аймгийн ИТХ-ын дарга болон Засаг дарга сумдын дарга нартай төрийн чиг үүргийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид 2025 онд төлөөлөн гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурж, албан байгууллагын дарга нарын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажуулна

Холбоотой мэдээ