ЗАВХАН: Хүнсний аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-01-23 17:26:26

Улиастай, 2025 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Завхан аймаг үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөнийг дэмжиж тодорхой төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.


Аймгийн ХХААГ-аас хүнс, газар тариалан, жижиг дунд үйлдвэр, хоршоо, ахуйн үйлчилгээний салбарын чиглэлээр 14 зорилтын хүрээнд 27 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна. Энэ талаарх мэдээллийг Завхан аймгийн ХХААГ-ын Хүнс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Баярмаагаас тодрууллаа.

 

-Завхан аймагт “Хүнсний хангамж аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд ямар ажлууд зохион байгуулж байна вэ?

-Манай Газрын үйлдвэр худалдаа үйлчилгээний алба нь Монгол улсын Засгийн газар, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны  хөтөлбөр, аймгийн  жилийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг гүйцэтгэж байна. Хүнс, газар тариалан, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэл, хоршоог хөгжүүлэх. Газар тариаланг дэмжиж үр тариа, төмс, хүнсний ногооны хангамжийг сайжруулах. Хүнсний хангамж, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар шинээр ажлын байр бий болгох бодлогын ажлуудыг хийж байна. Хүнс, газар тариалан, жижиг дунд үйлдвэр, хоршоо, ахуйн үйлчилгээний салбарын чиглэлээр 14 зорилтын хүрээнд 27 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна. 


-Завхан аймаг хүнсний ногооныхоо хэдэн хувийг дотоодоосоо хангаж байна вэ?

-Завхан аймаг хүн амынхаа хүнсний ногооны хэрэгцээний 28.7 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна.

Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээ 1960-1990 он хүртэл жил бүр нэмэгдэж ирсэн бөгөөд 1990 он гэхэд тариалангийн эргэлтийн талбай 82.4 мянган га-д хүрсэн байна.

Өнөөдрийн байдлаар 96 аж ахуйн нэгж, 602 өрх 12.8 мянган га-д газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна. Нийт тариалангийн талбайн 15.5 хувийг ашиглаж байна. Аймгийн хэмжээнд 2024 оны тариалалтаар үр тариа 2285 га, малын тэжээл 5455.6 га, төмс 178,4 га, хүнсний ногоо 157.01 га-д тариалалт хийсэн байна. Ингээд үр тариа 835.5 тн, малын тэжээл 7236.15 тн, төмс 1574.9 тн, хүнсний ногоо 1008.8 тн ургац хураан авсан байна.


Төмс 1574.9 тн буюу 42.2 хувийг, хүнсний ногоо 1008.4 тн буюу 28.7 хувийг нь дотоодоосоо хангаж байна.


Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэхийн тулд бодлогоор дэмжиж ажиллаж байгаа. Төмс, хүнсний ногооны үрийн шинэчлэлт хийх, хөнгөлөлттэй үнээр үр нийлүүлэх, усалгаатай газар тариаланг дэмжих чиглэлээр ажлууд хийж байна. 2024 онд 335.41 га усалгаатай талбайд төмс, хүнсний ногоо тариалж ургац бүрэн авсан. Услалтын системүүдийг сэргээн засварлаж бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадвал усалгаатай талбай 1522 га-д хүрэх боломжтойг манай ХХААГ-аас судалсан байна. Аймгийн хүн амын төмс, хүнсний ногооны хэрэгцээг 2024-2026 онд дотоодын үйлдвэрлэлээр хангахад 861 га усалгаатай тариалангийн талбай шаардлагатай байгаа юм.


-Хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад ямар бодлоготой ажиллаж байна вэ?

-Сүүлийн хоёр жилд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж, дотоодын хэрэгцээний хувь өссөн. Сайн мэдээ боловч бид хүнс үйлдвэрлэгчдэд тавих, стандарт шаардлагуудыг мөрдүүлэн ажиллаж байна. Гэхдээ шалгах, торгохдоо биш, харин хүнс үйлдвэрлэгчидтэйгээ хамтарч стандарт, шаардлагуудыг ягштал мөрдөх, үйлдвэрлэгчдэд тулгамдаж байгаа асуудлуудыг ярилцах, хэрэглэгчдэд чанартай хүнсийг хүргэхэд ямар бодлоготой ажиллах талаар харилцан ярилцах, хамтын ажиллагаагаа сайжруулж байна.


Өнөөдөр аймгийн хэмжээнд манай хүнс үйлдвэрлэгчид дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах талаар чармайж ажиллаж байна.


Тухайлбал сүү, сүүн бүтээгдэхүүний хувьд дотоодын үйлдвэрлэлээр хангасан сүүний хэмжээ өмнөх оноос нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн жил хүн амын хэрэгцээний 57 хувийг нь сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж байсан бол энэ жил хүн амын сүүний хэрэгцээний 66 хувийг дотоодоосоо хангаж байна.


Хүн амын хэрэгцээний төмсний 42.2 хувь, гурил гурилан бүтээгдэхүүний 70 хувь, хүнсний ногооны 28.7 хувь, өндөг 4.4 хувь, жимс жимсгэнийн 2.3 хувийг дотоодоосоо хангаж байна.  


-Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүд, жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сурталчлах, дэмжих талаар ямар ажлууд хийж байна вэ?

-Орон нутгийн брэнд бүтээгдэхүүн борлуулдаг "Завханд үйлдвэрлэв" дэлгүүр Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд ажиллаж байна. Энд аймгийн 13 аж ахуйн нэгж үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг борлуулж байна.


Манай хүнсний үйлдвэрүүд тогтвортой үйл ажиллагааг явуулж байгаа. Өөрсдийн нэрийн брэнд бүтээгдэхүүнүүд нь өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болсон төдийгүй орон нутгаасаа гадна Монгол орон даяар борлуулж байна.


Тухайлбал, "Мөнхөд Мандаг" ХХК гэхэд Номин, Оргил, Хайпи сүлжээ дэлгүүрт 11 төрлийн бүтээгдэхүүнээ борлуулж байна. "Завханбаялаг" ХК  гэхэд Улаанбаатар хотод Баялаг төв супермаркет, Номин, Скай их дэлгүүр, Оргил, Баясах, Home plaza сүлжээ дэлгүүрүүд, Дархан хотын Ижий зах, Эрдэнэт хотын "Бат-Ач" ХХК-ийн бөөний дэлгүүрүүдэд 25 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байна.

Бид үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдний бүтээгдэхүүнийг сурталчлахын тулд “Хүнсний хангамж аюулгүй байдал” эвент үйл ажиллагааг зохион байгуулсан. Энэ үйл ажиллагаанд хүнс үйлдвэрлэгч, хүнсний чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэд аж ахуйн нэгж гээд 60 гаруй байгууллага оролцсон байна. Өнгөрсөн онд гэхэд Дархан Уул аймагт зохион байгуулсан "Атар-65" үйл ажиллагаанд манай хүнс үйлдвэрлэгч "Мөнхөд мандаг" ХХК Баруун бүсийн "Шилдэг хүнс үйлдвэрлэгч"-ээр шалгарч амжилттай оролцсон.


-Жижиг дунд үйлдвэрлэгчид хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдаж байна вэ?

-Завхан аймгийн хэмжээнд хүнсний үйлдвэр хоёр, мал төхөөрөх үйлдвэр 6, талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 10 аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулж байна.

Аймгийн хэмжээнд супермаркет 2, минимаркет 12, хүнсний дэлгүүр 332, бөөний төв 7, мухлаг 85 үйл ажиллагаа явуулж байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлд Идэр сумын "Анхил дөрвөн баатар" ХК, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 93.92 сая төгрөгийн зээлд хамрагдсан байна. Мөн "Зэндмэнэ өлзий" ХК гурил гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр 196.2 сая төгрөг, "Яруу эрдэнэ" хоршоо худалдаа үйлчилгээ газар тариалангийн чиглэлээр 120 сая төгрөгийн дэмжлэг авсан байна.


"Хос билэг тунамал" ХК худалдаа үйлчилгээний чиглэлээр 100 сая төгрөг, "Охь жимст" ХК жимс, жимсгэнийн үйлдвэрлэлийн чиглэлээр 83 сая төгрөг, "Ургах нахиа" ХК жимс, жимсгэнийн үйлдвэрлэлийн чиглэлээр 100 сая төгрөгийн зээлд тус тус хамрагдсан байна.


Өнөөдрийн байдлаар нийт 6 аж ахуйн нэгж 693.1 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан байна.


-Завхан аймагт мал төхөөрөх үйлдвэрүүд бий. Нийт хэчнээн тонн махыг гадагш нь экспортолсон бэ?

-Завхан аймагт Завхан хүнс групп, Завхан Мах маркет ХХК, Саян ундарга ХХК, Нисэх агро ХХК,  Сэцэн агро ХХК, Тэс шим хоршоо зэрэг 6 аж ахуйн нэгж мал төхөөрөх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар Завхан хүнс грүпп 18 тн хонины махыг Азербайжан улс руу, Саян-Ундарга ХХК 300 тн адууны мах, 27.7 тн хонины мах, 131 тн ямааны махыг БНХАУ руу экспортолсон. Сэцэн-Агро ХХК гэхэд  21.5 тн үхрийн мах, 64.5 тн хонины махыг дотоодын зах зээлд худалдан борлуулсан байна.

Аймгийн махны үйлдвэрүүд экспортод нийт 476.7 тн, дотоодын зах зээлд 86 тн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэн борлуулсан байна. Үйлдвэрийн аргаар нийт 562.7 тн мах, экспортын зориулалтаар 86 тн мах бэлтгэсэн байна.

-Танд баярлалаа. 


"Завханбаялаг" ХК-ийн бүтээгдэхүүнүүд


Мөнхөд Мандаг ХХК-ийн бүтээгдэхүүнүүд


“Хүнсний хангамж аюулгүй байдал” эвент үйл ажиллагаанд оролцогчид

2024 он

Холбоотой мэдээ