Н.Энхгэрэл: 32 байгууллага албан хэргээ хос бичгээр хөтөлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-01-23 12:49:14

Эрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэлний бодлогын салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, аймгийн Боловсролын газрын монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын сургалт хариуцсан ахлах аргазүйч Н.Энхгэрэлтэй төрийн албан хэргийг кирилл болон үндэсний бичгээр хослуулан бичиж байгаатай холбогдуулан бэлтгэл хэр хангасан тухай ярилцлаа.

 

-2025 оноос монгол бичгээ төрийн албанд хослуулан хэрэглэж эхэллээ. Аймгийн хэмжээнд хэчнээн байгууллага албан бичгээ хос бичгээр хөтөлж эхэлсэн бэ? Тоо хэлэх боломж байна уу?

-Баярлалаа. Монгол бичиг нь монголчуудын үндэсний уламжлалт бичиг, өв соёлын үнэт бүтээл юм. Түүхэн цаг хугацааны явцад монголчууд 10 гаруй бичиг үсэг хэрэглэсэн боловч хамгийн урт удаан хугацаанд буюу 1000 гаруй жил хэрэглэж ирсэн нь монгол бичиг юм. Гэвч түүхийн бүхий л цаг үед бид буцаад л үндэсний бичиг буюу монгол бичиг рүүгээ буцсан байдаг. Учир нь хэл зүйн эрдэмтийн тайлбарлаж байгаагаар уг бичиг нь монгол хэлэнд хамгийн төгс төгөлдөр зохицохын зэрэгцээ монгол үгийн язгуур, утгыг эвдэлгүй хадгалдгаараа онцгой юм.

 

Монгол хэлний тухай хууль, Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III болон бусад холбогдох дүрэм журам, бодлогын баримт бичгүүдийг үндэслэн 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хослуулан хөтлөх шийдвэр гарсан. Архангай аймгийн төрийн болон төрийн өмчит 32 байгууллага албан хэргээ хос бичгээр хөтөлж эхлээд байна.

 

Аймгийн Засаг даргын 2025 оны А/01 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, төрийн болон төрийн өмчит байгууллагуудад монгол бичгийн албан хэвлэмэл хуудасны эх MNS:6395:2022 стандарт шаардлагын дагуу, хянагдаад аймгийн “Буман үсэг” хэвлэлийн газраар хэвлүүлж байна. 85 байгууллагын 254 хэвлэмэл хуудасны эх бэлэн болсон гэж аймгийн Архивын тасгаас мэдээлсэн.


-Монгол хэлний тухай хуулиар Хэлний бодлогын үндэсний зөвлөл энэ ажлыг удирдан зохион байгуулж байна. Орон нутагтаа бэлтгэл ажлыг хэр зохион байгуулж ажилласан бэ?

-“Монгол хэлний тухай” хуулийг баталж, мөрдөөд 10 жил болсон байна. "Монгол хэлний тухай" хуульд суурь боловсролоос эхлэн заах, 2025 оноос эхлэн төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх заалт орсон.


Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны А/176 дугаар тушаалаар баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III"-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” ёсоор 4 зорилтын хүрээнд нийт 69 үйл ажиллагааны 95 хувь нь биелсэн гэж үзэж, төрийн албан хэргийг үндэснийхээ бичгээр хослуулан хөтөлж эхлээд байна.


Үндэсний бичгийг олон нийтээр сурч эзэмшихэд мэргэжлийн багш нарын үүрэг оролцоо чухал. Аймагт эх хэлний 105 багш байдаг. Орон нутгийнхаа хэлний бодлогын салбар зөвлөлд ажиллан, монгол бичгийн хичээлийг сум орон нутагтаа албан байгууллагад зааж байна. Манай аймаг жил бүр аймаг, улсын олимпиад, “Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдаанд тогтмол байр эзэлдэг. Өнгөрсөн жил гэхэд Монгол бичгийн улсын XVIII олимпиадад Архангай аймгийн 5 дугаар сургуулийн Монгол улсын зөвлөх багш Д.Долгорсүрэн 3 дугаар байр эзэлж, хүрэл медаль хүртсэн. Монгол хэл, бичгийн улсын 58 дугаар олимпиадын III даваанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр сургуулийн 9б ангийнхан, бэлтгэсэн багш Л.Буяннэмэх 3 дугаар байр мөн эзэлсэн. Монгол бичгийн улсын олимпиадын анги нийтийн төрөлд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р сургуулийн Б.Цэрэндэжид багшийн бэлтгэсэн 12а анги, 3 дугаар сургуулийн Г.Алтанцэцэг багшийн бэлтгэсэн 12а ангиуд улсад тусгай байр эзэлсэн амжилтууд бидэнд бий. Цаашид ч үргэлжилнэ.


Мөн "Тайхар таталбар" үндэсний бичиг, эх хэлний сургалтын төв, “Худам бичиг өв” сургалтын төвүүд шинээр байгуулагдаж, анхан, дунд шатны сургалт, хулсан үзгийн сургалтуудыг явуулж байна.


Төрийн албан хаагчид цахимд монгол бичгээр бичих, онол арга зүйн мэдлэгээ дээшлүүлэх гар утас, компьютерт монгол бичгээр бичих, бие дааж монгол бичиг сурах зэргээр үндэсний бичигт шилжих бэлтгэл зохих хэмжээнд хангагдсан. Давхардсан тоогоор 5137 төрийн албан хаагчийг анхан, дунд, ахисан шатны сургалтад хамруулсан байна.


-Цаашид хийж хэрэгжүүлэх ажлууд бий юу?

-2024 оны Үндэсний статистикийн хорооноос авсан судалгаагаар төрийн албан хаагчдад үндэсний бичгийн сургалтын хэрэгцээ, шаардлага байгаа эсэх асуултад албан хаагчдын 83.7 хувь нь “тийм” гэсэн бол үлдсэн 16.3 хувь нь сургалтын хэрэгцээ, шаардлага байхгүй гэж үзсэн байсан. Иймээс төрийн албан хаагчдын монгол хэл бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтыг түвшний ялгаатай зохион байгуулах, онлайн орчинд программ ашиглан үндэсний бичгээ ашиглах, сургалт зохион байгуулах, монгол бичгийг богино хугацаанд шинэлэг хэлбэр, хялбар аргаар сургах цахим контент, цахим хичээл, теле хичээлийн сан үүсгэж баяжуулах, үндэсний бичгээ дээдлэн дэлгэрүүлэгч сум, байгууллага, төрийн албан хаагчдын дунд “Үндэсний бичгийн олимпиад”-ыг зохион байгуулах, сум, байгууллага, хамт олноороо үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлж, албан хаагчдадаа сургалт зохион байгуулах, монгол бичигтэн болох аяныг үргэлжлүүлэн  өрнүүлэх  зэрэг олон ажлыг төлөвлөж байна.


-Одоо монгол бичиг кирилл бичгээр хослуулан бичиж байна. Анзаараад байхад түрүүлж кириллээ уншиж байна. Дан ганц монгол бичгээр бичих боломж хэр юм бол?

-Өнөөдөр би хос бичгээр бичсэн албан бичгийг хянаад сууж байна. Шийдвэр гарахаас өмнө төрийн албан хаагчдын дунд судалгаа хийсэн. Үндэсний статистикийн хорооны 2021 онд хийсэн судалгаагаар 52.1 хувь нь, 2024 оны судалгаанаас 75 хувь нь  хэрэглэж чадах түвшинд монгол бичгээ эзэмшсэн гэсэн дүгнэлт гарсан.


Төрийн албаны шалгалтын 40 хувьд үндэсний бичгийг оруулсан байдаг. Мөн их, дээд сургуульд элсэгчид 100 хувь монгол хэл, бичгийн шалгалт өгдөг болсон. Ер нь бол үндэсний бичгийг бүх нийтийн харилцаанд алхам, алхмаар хэрэглээ болгож байна. Удахгүй нэгээс хоёр жилийн дараагаас дан монгол бичгээр бичиж эхэлнэ.


-Монгол бичгийг хэрэглээ болгох ямар ажлууд хийх вэ?

-Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн аймаг, сумын салбар зөвлөлийг шинэчлэн байгуулж байна, “Үндэсний бичиг, үсгийн өдөр”, “Эх хэлний өдөр”-ийг аймаг, сум орон нутагт тэмдэглэх, төрийн байгууллага, албан хаагчид долоо хоног тутам хэвлэгддэг МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг  захиалах, аймаг, сумдын төрийн байгууллага, албан өрөө, гудамж талбайн хаягийг хос бичгээр бичих, сум орон нутгаараа монгол бичигтэн болох хөдөлгөөн зэргийг үргэлжлүүлэн эрчимжүүлнэ.


-Монгол бичгийн суурь үнэлгээ яаж гарсан бэ?

-Судалгаагаар төрийн албан хаагчдын нас, хүйс, эзэмшсэн боловсрол, эрхэлж буй ажил, төрийн албаны ангилал, төрийн албанд ажиллаж буй хугацаа зэрэг ерөнхий үзүүлэлтүүдийг цуглуулахаас гадна үндэсний бичгийн мэдлэгийн түвшин, төрийн албан хэргийг хос бичгээр явуулахад бэлэн эсэх, үндэсний бичгийн сургалтад хамрагдах хэрэгцээ байгаа эсэх, сургалтыг ямар хэлбэрээр авч болох талаарх дараагийн шатны үйл ажиллагааг төлөвлөхөд шаардлагатай мэдээллийг цуглуулсан. Судалгаанд Архангай аймгийн 4254 албан хаагч хамрагдсан. Үүний 1253 нь эрэгтэй, 2999 нь эмэгтэй байсан.


Төрийн албан хаагчид албан хэргээ үндэсний бичгээр хөтлөн явуулахад бэлэн байгаа эсэхийг судлан үзэхэд судалгаанд хамрагдсан төрийн албан хаагчдын 52.8 хувь нь “бэлэн”, үлдсэн 47,2 хувь нь “бэлэн бус” гэж хариулсан. Мөн албан хаагчдын 48.1 хувь нь өөрсдийгөө үндэсний бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй гэж үнэлсэн бол 20.7 хувь нь үндэсний бичгийн мэдлэггүй гэж дүгнэсэн.


Үндэсний бичгийн мэдлэгийн түвшин үндэсний бичиг үзсэн хугацаанаас ихээхэн хамаарч байгааг судалгаанаас харж болно. Үндэсний бичгийн “мэдлэг сайтай” төрийн албан хаагчдын 61.4 хувь нь үндэсний бичгийг 4-өөс дээш жил, “мэдлэг бага”-тай албан хаагчдын 89.3 хувь нь үндэсний бичгийг 3 хүртэлх жил сурсан байгаа юм.


Үндэсний бичгийн мэдлэг “маш сайн” гэж хариулсан төрийн албан хаагчдын 36.9 хувь, “сайн” гэж хариулсан хүмүүсийн 39.1 хувь, “дунд зэрэг” гэж хариулсан хүмүүсийн 37.3 хувь нь 35-44 насны төрийн албан хаагчид байгаа нь тухайн насны бүлгийнхэн ерөнхий боловсролын сургуульд үндэсний бичгийг 1-4 дүгээр ангидаа үзсэнтэй холбоотой юм.



Судалгаагаар төрийн албан хаагчдын 83.7 хувьд нь үндэсний бичгийн сургалтын хэрэгцээ, шаардлага байна гэж хариулсан. Иймд төрийн албан хэрэг хөтлөлтийг үндэсний бичгээр явуулахад төрийн албан хаагчдад үндэсний бичгийн шат дараалсан сургалтыг 2024-2025 онд хуулиар үүрэг хүлээсэн байгууллагууд төлөвлөгөө гарган зохион байгуулж, холбогдох ажлыг хийнэ. Түүнчлэн үндэсний бичгийн хөтөлбөрийн хүрээнд баталсан дөрвөн стандартыг төрийн байгууллагууд мөрдөн ажиллах шаардлагатай байна. Монгол бичгийг төрийн албан хаагчид заавал сурах, хэрэглэх хамгаалах, өвлүүлэх төрийн албан ёсны болон журамт үүрэгтэй.


-Монгол бичгийн гайхамшгийн талаар?

-Монгол бичиг бол дэлхийн хамгийн өвөрмөц, гайхамшигтай бичиг үсгүүдийн нэг. Энэхүү босоо бичиг нь монголчуудын соёл, түүх, зан заншлыг илэрхийлсэн, мянга гаруй жилийн түүхтэй өв юм. Босоо бичиглэлтэй, дээрээс доош, зүүнээс баруун тийш уншигддаг нь байгаль, хүн, орчлон ертөнцийн уялдаа холбоог илэрхийлдэг.

 

Монгол бичиг эртний түүхийг сануулан дурсгахын зэрэгцээ орчин цагийн мэдээллийн хэрэгцээнд ч нийцэх чадвартай. Компьютер, гар утас зэрэг төхөөрөмж дээр монгол бичгийг ашиглах бүрэн боломжтой. Монгол бичиг бие даан сурахад зориулсан гар утасны программ, хөрвүүлэгч, цахим толь бичиг гарчихсан ашиглагдаж байна. Миний хувьд монгол бичиг урлагийн бүтээл мэт харагддаг, агуу бичиг соёл.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ