ӨМНӨГОВЬ: Томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд говь руу ус татах нь нэн чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-01-20 19:52:50

Даланзадгад, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүдийн төлөөлөл Гашуунсухайт, Ганц мод, хил холболтын терминал, төмөр замын бүтээн байгуулалт, Тавантолгой, Оюутолгойн уурхайн үйл ажиллагаатай нэгдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд танилцлаа.

 

Тус ажлын баг ил уурхай, гүний уурхай, баяжуулах үйлдвэр болон Ханбогд, Цогтцэций сумын удирдлагуудтай уулзалт хийж, тулгамдсан асуудлыг сонсон, орон нутгийн иргэд, уул уурхайн ажилчдын нийгмийн асуудал, эрүүл мэнд, байгаль орчны асуудал, орон нутгийн давуу боломж, хөгжил дэвшилд оруулах хувь нэмэр зэрэг бодлогын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр санал солилцлоо.

 

УИХ-ын ЭЗБХ-ны гишүүдийн ажлын багт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны бүрэлдэхүүн хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтарсан Засгийн газрын том төслүүд хэрэгжихэд харилцан ашигтай байх зарчмыг газар дээр нь шийдвэрлэх нь чухал гэдгийг гишүүд онцлон хэллээ.

 

Мөн Монгол улсад хэрэгжиж байгаа урт болон богино хугацааны томоохон төслүүд хэрэгжих явцад говь руу ус татах зайлшгүй шаардлага бий болж байгаа учраас УИХ, Засгийн газрын түвшинд тодорхой алхмуудыг хийж эхэлснийг иргэдэд танилцуулжээ.

 

Харин улсын төсөвт хамгийн их төсвийг бүрдүүлдэг Цогтцэций суманд улсын төсвөөр барих 960 хүүхдийн сургуулийн барилгын ажлын төсөв сүүлийн таван жилийн хугацаанд шийдвэрлэгдээгүй байсаар барилга нурсан, уул уурхайгаас үүдэлтэй тоосжилт жил ирэх тусам нэмэгдэж, орон нутгийн иргэдийн харшлын өвчлөл, малын мах, арьс үс зэрэг нь халдварт өвчин үүсгэх шалтгаан болж байгаа зэрэг асуудал байгааг сумын удирдлагууд ажлын багт мэдээллээ.

 

Ажлын баг орон нутагт ажиллаж, нөхцөл байдалд тохирсон асуудлаар холбогдох байгууллагуудад чиглэл хүргүүлэхээр боллоо. 

Холбоотой мэдээ