Баян-Өлгийн унаган охин С.Батчимэг Большой театрт "Тоска"-д гоцлоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-22 01:51:12

Баян-Өлгий аймгийн унаган охин, УДБЭТ-ын дуучин Самбуугийн Батчимэг нь Их театрын тайзан дээр гоцлон дуулж буй монголын хоёр дахь гоцлол дуучин юм.

11 сарын 3-нд ОХУ-ын Их театрын тайзнаа үзэгчдэд Дж.Пуччинигийн "Тоска" дуурийг толилуулах нь. Энэ удаа Г.Ариунбаатар нь цагдаагийн дарга, барон Скарпиагийн дүрд, харин Самбуугийн Батчимэг Тоскагийн дүрд тоглоно.

С.Батчимэг нь Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 1990 онд төрсөн. 2007 онд  Өлгий сумын 2-р бүрэн дунд сургуулийг, СУИС-ийг 2012 онд Монгол Улсын гавьяат багш Б.Дашамагийн удирдлага дор төгссөн.

Эдүгээ Оросын Холбооны Улсын Буриад улсад гоцлол дуучнаар ажиллаж буй С.Батчимэг нь Монгол улсын Дуурь бүжгийн эрдмийн театраас ажлын гараагаа эхэлсэн бөгөөд нутаг ус, эх орныхоо нэрийг олон улсад алдаршуулж яваа залуу уран бүтээлч юм. Тэрбээр монгол туургатны бахархалт уран бүтээлч, ОХУ-ын Ардын жүжигчин Л.Л.Линховойны нэрэмжит олон улсын XI уралдааны тэргүүн байр, “Байкаль” олон улсын уралдааны 3 дугаар байр,  2011 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдавын нэрэмжит дуурийн дуулаачдын улсын уралдааны II байр, «Учиртай гурван толгой» дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын уралдаанд Хоролмаагийн дүрээр тэргүүн байранд шалгарч байсан шилдэг дуучин билээ. Сонгодог урлагийн талбар дахь эмэгтэй дуучдын мэргэжлийн чадвар, хоолойны цар, ухаан билгийн төвшинг сорьдог “Чио Чио сан” дуурийн гол дүрийг Буриадын театрт амилуулснаар Ази тивийн хамгийн залуу Чио Чио сан гэгдээд юм.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ