СҮХБААТАР: Монгол бичгийн үйлдлийн урлагт багш нар суралцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. СУАЖЗГазраас санаачлан, монгол бичгийн үйлдлийн урлаг буюу перформанс калеграф арт төрлийн сургалтыг Титэм арт галарейн тэргүүн, Монгол Улсын соёлын элч Э.Ариунболдтой хамтран явуулж байна. Өөрөөр хэлбэл дуулж, бүжиглэнгээ монгол бичгээр бичих чадварт багш нар суралцаж байна.
Сургалтад ЕБС, МБС-ийн монгол хэл бичгийн багш нар хамрагдаж байна. Тэд монгол бичгийн бичлэгийн нэгэн шинэ төрөлд суралцахын зэрэгцээ ганцаараа бийр бариад бичих бус багаараа бичиж, нэгэн цогц бүтээл урлах юм. Мөн бичиг соёлынхоо гайхамшгийг хүүхэд багачуудад, олон нийтэд хэрхэн илүү сонирхолтой, анхаарал татахуйц байдлаар хүргэхэд суралцаж буйгаараа онцлог.
Баруун-Урт сумын дөрөвдүгээр сургуулийн багш Ө.Байгалсайхан хэлэхдээ, анх удаа ийм төрлийн сургалтад сууж байна. Үнэхээр сонирхолтойн дээр үндэсний бичиг үсгээрээ илүү бахархсан, омогшсон өдрүүдийг өнгөрүүлж байна. Бидний өв солё болсон босоо монгол бичиг минь үнэхээр тэр чигээрээ урлаг юм гэдгийг багш маань ч хамтран сураглцагч нөхдүүд маань ч харуулж байгаа учир дурлаж бас хичээн суралцаж байна гэлээ.
Энэхүү уран бичлэгийн төрөл нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн бөгөөд ганцаараа бус багаараа дуулж, бүжиглэнгээ бичвэрийн бүтээлээ туурвидгаараа онцлог юм.
Сүхбаатар аймгийн ЗДТГ, СУАЖЗГ Титэм арт галарейтэй үндэсний бичг үсгээ сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлд олон жил хамтран ажиллаж ирсэн. Уламжлал болсон Жаахан шаргын нутаг монгол бичгийн уралдааныг орон нутагт энэ жил тав дахв жилдээ зохион байгуулах гэж байна. Анхны уралдаанд 250 оролцогч хамрагдаж басан бол өнгөрсөн жил энэ тоо 1000-д хүрсэн. Уралдаанд Халимаг, Тува, Буриад улсаас хүүхэд багачууд оролцох хүсэлтээ өгсний дагуу цаашид олон улсын шинж чанартай болгон өргөжүүлж, арга хэмжээнийхээ цар хүрээг тэлэхийг зорьж байгаа. Энэхүү уралдааны бэлтгэл болгон бид үндэсний бичиг үсгийн баярт зориулж ийнхүү сургалтаараа уран бичлэгийн цоо шинэ нэг төрлийг багш нартаа сургахыг зорьж байна. Азийн орнуудад тэр дундаа Япон, Солонгос, Хятад улсуудад эрчимтэй хөгжсөн энэхүү урлагийг бид Монголдоо тэр дундаа орон нутагтаа анхлан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх хүсэлтэй туршиж эхлүүлээд байгаа юм. Суралцагч багш нар маань ч маш сонирхолтой, идэвхтэй хандаж байна. Багш нар эхлээд өөрсдөө суралцаад, дараа нь сурачдадаа зааж өгөх учиртай юм гэж Титэм арт галарейн тэргүүн Э.Ариунболд хэллээ.
Сургалт дөрөв хоног үргэлжлэх
бөгөөд Жаахан шаргын нутаг уралдаанд перформанс калеграф арт төрөл энэ жилээс нэмэгдэх юм байна.