"Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудлаарх Засгийн газрын дүгнэлтийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-10-21 18:43:43

Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн "Эрдэнэт үйлдвэр" ХХк-ийн 49 хувийн асуудлаарх ажлын хэсгийн дүгнэлтийг ирэх долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх болжээ.

ОХУ-ын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан асуудал маргаан, шүүмжлэл дагуулаад гурван сарын хугацаа өнгөрч байна. Уг асуудлаар Засгийн газраас ажлын хэсэг байгуулан ажиллаж, өнгөрөгч долоо хоногт дүгнэлтээ гаргасан юм. Тиймээс ирэх долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд уг дүгнэлтийг оруулсан байна. 

Мөн ирэх долоо хоногт Арбитрын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Н.Туяа

Холбоотой мэдээ