Эмгэнэлт кино үзэх нь эндорфинийг ихээр ялгаруулдаг болохыг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-10-21 16:11:45

НЬЮ-ЙОРК. /BBC/. Өөрийн эрхгүй нулимс дуслуулахад хүргэдэг эмгэнэлт кино үзэх нь хүмүүс хоорондын харилцааг ойртуулахад тус дөхөм болдог гэж судлаачид үзэж байна.

Сэтгэлийг ихээр хөдөлгөсөн эмгэнэлт кино үзсэнээр хүний биед эндорфин гэдэг өвчин намдаах үйлчилгээтэй химийн бодис ялгардаг болохыг Оксфордын Их сургуулийн судлаачдын багийн хийсэн туршилт харуулжээ.

Энэ бодис нь угтаа бол өвчин намдаах үйлчилгээтэй байгалийн бодис бөгөөд хүмүүсийг эргэн тойронд нь байгаа бусад хүмүүстэй харилцахдаа эелдэг зөөлөн байхад нөлөөлдөг аж.

Оксфордын их сургуулийн судлаачид эмгэнэлт явдлыг өгүүлсэн кинонууд нь эндорфин ялгаруулахад нөлөөлдөг эсэхийг тогтоох зорилгоор нэгэн туршилт хийжээ.

Туршилтад оролцогч эхний хэсэг хүмүүст хүүхэд насандаа маш их зовж зүдэрч байсан орон гэргүй нэгэн хүний амьдралыг харуулсан "Stuart: A Life Backwards” гэдэг киног үзүүлсэн байна.

Харин өөр  хэсэг хүмүүст төдийлөн сонирхолтой бус сэдэвтэй баримтат кинонуудыг үзүүлжээ.

Судлаачид эдгээр кинонуудыг үзэхийн өмнө болон үзсэний дараа хана налуулан суулгах тест ашиглан эндорфиний ялгарлыг хэмжсэнээр өвдөлтөд гарсан өөрчлөлтийг тодорхойлсон байна.   

Ингэхэд хамгийн ихээр сэтгэл нь хөдөлсөн хүмүүст эндорфин хамгийн ихээр ялгарч байжээ.

Судлаачдын үзэж байгаагаар, эмгэнэлт кино үзсэнээр эндорфинийг бид өөрсдөө их хэмжээгээр ялгаруулах боломжтой болохыг энэ судалгаа харууллаа.

Өөрөөр хэлбэл, эмгэнэлт кино үзэх нь таны эрүүл мэндэд тустай гэсэн үг. Учир нь ийм кино үзэх нь хүний биед эндорфин гэдэг өвчин намдаах үйлчилгээтэй химийн бодисыг ялгаруулдаг байна.

Г.Доржханд

 

 

 

 

Холбоотой мэдээ