ЗАВХАН: Операторын горимоор 23 мянга орчим төрийн үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-01-09 15:35:02

Улиастай, 2025 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Завхан аймагт төрийн үйлчилгээг өнөөдрийн байдлаар нийт 34346  иргэн цахимаар хүлээн авчээ.


Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд хүргэх. Зөвлөгөө, мэдээллээр хангах ажлыг хурдан шуурхай зохион байгуулах чиг үүрэг бүхий Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 499 дүгээр тогтоолоор байгуулагдан ажиллаж байна.


Төрийн цахим үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Завхан аймаг дахь төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Бямбажаваас тодрууллаа.


-Төрийн үйлчилгээ цахимжсанаар иргэдэд чирэгдэлгүй түргэн шуурхай хүрдэг болсон. Орон нутгийн иргэд цахим үйлчилгээг хэдэн цэгээс хүлээн авч байна вэ?

-Төрийн цахим үйлчилгээг орон нутагт хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд 2023 оны гуравдугаар сард Завхан аймаг дахь төрийн цахим үйлчилгээний хэлтэс байгуулагдсан. Одоо таван хүний бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллаж хүн, хуулийн этгээдэд төрийн цахим үйлчилгээг түргэн, шуурхай хүргэх иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэхэд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна. Өнгөрсөн он Монгол улсын хэмжээнд төрийн үйлчилгээний цахимжилтыг эрчимжүүлж, цахим шийдлээр хүнд суртлыг халж, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлсэн жил байлаа.

Иргэдэд зориулсан E-Mongolia платформ, аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан E-bisness платформ, иргэд өөртөө үйлчлэх “Хурдан киоск” машинуудыг нэвтрүүлсэн. Өнгөрсөн жил иргэдэд төрийн үйлчилгээг илүү ойр, хялбар түргэн шуурхай хүргэн ажилласан амжилт бүтээл, ололт ихтэй жил өнгөрсөн байна.    


Завхан аймгийн төв, Улиастай сумын дөрвөн байршилд, 24 суманд хүн, хуулийн этгээдэд үйлчлэх “Хурдан цэг”-ийг байгуулсан. Эдгээр цэгийг сум, аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн хавсран үүрэг гүйцэтгэгчээр, операторын горимоор 43 байгууллагын 451  үйлчилгээг үзүүлж байна.


Өөртөө үйлчлэх цахим үйлчилгээний “Хурдан” киоск машинаар мөн төрийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Энэ жил “Хурдан” киоск машины тоог нэмэгдүүлж хүн амын төвлөрөл ихтэй сумдад байршуулна.


-“Хурдан” киоск машинаар ямар үйлчилгээг хэчнээн иргэнд үзүүлэв?

-Завхан аймгийн төв Улиастай сум дээр гэхэд аймгийн ЗДТГ-ын нэгдүгээр давхарт, Улсын бүртгэлийн газрын нэгдүгээр давхарт хурдан киоск машин байршиж байна. Мөн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэгдүгээр давхарт гэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан киоск машинаас үйлчилгээ авч байна. Аймгийн Авто тээврийн төвийн үйлчилгээний танхимд болон Их-Уул сумын ЗДТГ-ын байр, Нөмрөг сумын PARADISE  үйлчилгээний төв, Тэс сумын Арц суурь боомт дээр тус бүр хурдан киоск машинуудыг байршуулан цахим үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.


Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн хэмжээнд төрийн цахим үйлчилгээг операторын горимоор нийт 22737 үйлчилгээг хүн хуулийн этгээдэд үзүүлсэн байна. Төрийн цахим үйлчилгээний хурдан киоск машинаар 9409 үйлчилгээг үзүүлжээ.

 

Монгол улсын хэмжээнд 43 байгууллагын 451 үйлчилгээг цахимжуулж лавлагаа тодорхойлолт, нэг шатлалт үйлчилгээ, олон шатлалт үйлчилгээг үзүүлж байгаа. Орон нутгийн онцлогтой 15 байгууллагын 50 үйлчилгээг цахимжуулан дахин загварчлан үйлчилгээг нэвтрүүлсэн.


-E-mongolia системээс тус аймгийн хэчнээн иргэн үйлчилгээ авч байна вэ? Иргэдийн цахимаар авдаг хамгийн эрэлттэй үйлчилгээг нэрлэвэл?

-E-mongolia системд Завхан аймгийн 32639 иргэн бүртгэлтэй ашиглаж байна. Иргэд цахимаар авдаг хамгийн их эрэлттэй 10 үйлчилгээ байна. Иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа бол маш их эрэлттэй үйлчилгээ байна.

Мөн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл байна. Түүнчлэн мал тооллогын лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, жолоодох эрхийн үнэмлэх захиалах, иргэн, жолооч, авто тээврийн хэрэгслийн торгуулийн төлбөр төлөх гэх мэтчлэн лавлагаа мэдээллийг иргэд цахимаар авч байна.


-Танайхаас иргэдэд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байгаа гэлээ? Хэчнээн иргэнд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэв?

-Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх гурван шатны сургалтыг 2160 төрийн албан хаагч, ахмад настан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагч болон иргэдэд хийсэн байна. Манай операторууд өдөртөө 30-40 хүнд нэг бүрчлэн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлдэг.


-Завхан аймагт тоон гарын үсэг олгох ажил хэр хийгдэж байна вэ?

-Аймгийн хэмжээнд нийт 41 мянга гаруй тоон гарын үсэг олгохоор тооцсоноос өнөөдрийн байдлаар 29800 орчим иргэнд тоон гарын гарын үсгийг олгоод байна. Цаашид иргэд өөрсдөө өөрийн байгаа газраас үл хамааран төрийн үйлчилгээг цахимаар авах бүрэн боломжтой юм. Тиймээс тоон гарын үсгээ цахимаар үүсгэж авах боломжтой байгаа юм.


Иргэн бүр өөрийнхөө цахим ур чадварыг дээшлүүлэх цахимаар бүх мэдээллийг авах. Цахимаар хариу мэдээлэл хүргэх орчин бүрдсэн байгаа учраас цахим ур чадвараа нэмэх л шаардлагатай байгаа юм. Өөрт ойр байгаа үйлчилгээний машинууд дээр ирэх бол мэдээж манай операторууд зөвлөн тусална. Бид энэ жил орон нутагтаа, бүх байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй нээлттэй мэдээллийн систем хөгжүүлэлтийг идэвхжүүлэх ажлуудыг эрчимтэй хийхээр төлөвлөсөн байна.

-Танд баярлалаа. 

Холбоотой мэдээ