Завханд мялзан өвчний вакцинжуулалт ид хийгдэж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-10-21 14:56:09

Завханд 13 сумын нэг сая 800 мянган малыг вакцинжуулалтад хамруулах ажил хийгдэж байна.

Энэ ажлыг сум, багт зохион байгуулах, малын эмч, хяналтын ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулан ажиллаж буй юм. Өнөөдрийн байдлаар томилогдсон ажлын хэсэг 100 мянга гаруй малыг вакцинжуулалтад хамруулсан байна. Ирэх долоо хоногт аймгийн хэмжээнд хийгдэж буй вакцинжуулалтыг бүрэн дуусгах ажээ.

Дашрамд Монгол Улсын Засгийн газраас Малын мялзан өвчний  11.5 сая тун вакцин худалдан авахад 13 тэрбум гаруй төгрөгийг зарцуулаад байгаа. Өнөөдрийн байдлаар вакцин хийхээр төлөвлөсөн бүх сум, багтаа хуваарилагдан хүрч, вакцинжуулалтын ажил баруун таван аймагт ид өрнөж байна. Завхан аймагт мялзан өвчний тохиолдолд бүртгэгдээгүй байгаа ч голомт илэрсэн аймгуудтай хил залгаа оршдог тул ийнхүү вакцинжуулалтанд хамрагдаж аймгийн Онцгой байдлын газраас хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Бог малын мялзан төст  өвчин нь өвчилсөн малын нулимс, хамрын гоождос, ханиалгын цацдас, баас, тэжээл, ус, агаар, амьсгал болон  бүхий л боломжит хэлбэрээр халдвар тархдаг. Бог малын мялзан төст өвчнөөр голдуу ямаа, хонь цаашлаад зээр гөрөөс, далд хэлбэрээр тэмээ, үхэр, гахай өвчлөх магадлалтай юм. Энэхүү өвчнөөр өвчилсөн малын хамрын гоождос ихсэж, булингартай шар өнгөтэй болох, хамар тагларч амьсгал давхцах, өндөр хэмээр халуурах, нулимс их гарч нуухтах, уруул, буйл, хэл, толгойн салстан бүрхүүл хөөж бамбайх зэрэг шинж тэмдэг илэрч өвчилдөг байна.

Мялзан өвчний вакцин хийсэн малын махыг 21 хоногийн хугацаанд хүнсэнд хэрэглэдэггүй байна. Иймээс вакцинжуулалтын хугацаанд өвчлөл гараагүй эрүүл бүсээс бод малын махыг гарал үүслийн гэрчилгээ, ариун цэврийн бичигтэйгээр аймгийн төврүү оруулж, худалдаалан, хүнсний хэрэгцээг хангахаар болсон байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ