ЗАВХАН: Цагаанаар зудархуу таван суманд цасны зузаан их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-01-03 14:41:05

Улиастай, 2025 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Завханы таван сум цагаанаар зудархуу байдалтай байна.


Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Завханмандал, Сантмаргаз сум цагаанаар зудархуу байдалтай байна. Эдгээр суманд бусад сумаас илүү цас орсон, цасны зузаан ч их байна.  


Зуншлагын байдлаар Завханы зарим сумын нутгаар гантай болон гандуу байдалтай байв. Гэхдээ 2024-2025 оны өвөл-хаврын бэлчээрийн даацын үнэлгээгээр Завхан аймаг бэлчээрийн даац эрсдэлгүй үнэлэгдсэн байна.


Өнөөдрийн байдлаар нийт нутгаар цасны дундаж зузаан 3-15 см, битүү цастай байна. Хамгийн их нь Отгон, Баянхайрхан суманд 15 см, Цагаанчулуут, Түдэвтэй, Тэс, Баянтэс суманд 10-14 см цастай.


Хамгийн бага нь Шилүүстэй суманд 3 см цастай байна. Цасны дундаж нягт 0.09-0.24 гр/см3 байна.


Отгон сумын Буянт, Баянбулаг багийн хангай буюу зуслангийн нутгаар тэгш талдаа 20-30 см, хунгарласан газраа 30-37 см, гуу жалгандаа 40-70 см цастай байна. Нийт сумын нутгаар өвөлжилт хэвийн, зарим сумын малчид отроор нүүж байна.


Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн 2025 оны 1 дүгээр сарын урьдчилсан мэдээгээр нутгийн төв болон баруун хагаст буюу зудын эрсдэл ихтэй бүс нутгаар олон жилийн дунджаас хүйтэн. Харин зүүн хагаст дунджийн орчим, хур тунадасны хувьд баруун болон төвийн аймгуудын зарим газраар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна. Тиймээс цаашид өвөлжилт улам хүндэрч болзошгүй бүс нутагт бэлэн байдлыг тасралтгүй хангаж ажиллах шаардлагатай байгааг Завхан аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.


Зудын эрсдэлийн зураг 

Холбоотой мэдээ