Мөнгөний бодлогыг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-10-20 19:34:16

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Мөнгөний бодлого нь улс орны хэмжээнд үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулж, макро эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулан эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэж байгаа аж. Энэ үндсэн дээр мөнгөний бодлогын зорилтын хүрээнд инфляцийг 2017-2019 онд жилийн 8 хувиас дээшгүй түвшинд байлгахаар тусгажээ.

Энэ үеэр гишүүд валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх, хомсдлоос хэрхэн гарах, мөнгөний бодлого нь төсөвтэй хэр уялдсан, түүнчлэн орон сууцны ипотекийн зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн шийдэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлд мөнгөний бодлогыг хэрхэн уялдуулах, Стэнд бай хөтөлбөрт хамрах нь зөв эсэх зэрэгт анхаарал хандуулж асуудлыг тодруулж байв.

Гишүүдийн асуултад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон ажлын хэсгүүдийн зүгээс тодорхой хариулт өгсөн. Үүний дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж санал хураалт явуулахад 72.7 хувь нь дэмжлээ. Үүгээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв.

Б.Туул

Холбоотой мэдээ