“Amazon” компани Д.Трампын тангаргийн ёслолд 1 сая доллар хандивлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-12-13 16:51:56

ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. Америкийн цахим худалдааны салбарт тэргүүлэгч Amazon компани АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын тангараг өргөх ёслолд зориулсан санд 1 сая ам.доллар хандивлахаар шийдвэрлэсэн тухай тус компанийн хэвлэлийн төлөөлөгч пүрэв гарагт мэдэгджээ.


Түүнчлэн тус компани тангараг өргөх ёслолыг өөрийн стриминг платформ болох Prime Video”-гоор шууд дамжуулах бөгөөд энэ нь мөн адил нэг сая ам.долларын мөнгөн бус хандив болж байна. Амазон 2021 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслолыг шууд дамжуулж байсан юм.


Пүрэв гарагт Д.Трамп CNBC телевизэд ярилцлага өгөхдөө, Amazon-ыг үүсгэн байгуулагч Жефф Безостой ирэх долоо хоногт уулзана гэдгээ хэлжээ. Трамп, Безос нар үргэлж эвтэй найртай байсангүй. Тухайлбал, Д.Трамп Ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа Ж.Безосын эзэмшил дэх Washington Post сонины сурвалжлагуудыг байнга шүүмжилдэг байжээ.


Гэсэн хэдий ч 10 дугаар сард Ж.Безос The Post ямар ч нэр дэвшигчийг дэмжихгүй гэж мэдэгдсэн нь Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрисыг дэмжихээс зайлсхийж байна гэх ойлголтыг төрүүлсэн байна. Үүнээс шалтгаалан олон мянган уншигч захиалгаа цуцалж, сэтгүүлчдийн зарим нь эсэргүүцлээ илэрхийлж байв. 


Пүрэв гарагт Meta компани мөн Д.Трампын санд нэг сая ам.доллар хандивласнаа мэдэгджээ. Д.Трамп хэдэн долоо хоногийн өмнө өөрийн Мар-а-Лаго дахь эдлэн газартаа Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Цукербергтэй уулзсан юм. 2021 оны нэгдүгээр сарын 6-нд АНУ-ын Капитолын ордон руу халдсаны дараа Facebook” сүлжээ Д.Трампын хаягийг хааснаас хойш тэдний харилцаа таагүй болж байлаа. Гэхдээ Ерөнхийлөгч асны хаягийг 2023 онд сэргээсэн юм.

 



Холбоотой мэдээ