Эмнэлгийнхэн явуулын эхогоор үйлчилж, цаг уурынхан үзүүлэх сургалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-20 11:10:21

Архангай аймгийн Цэцэрлэг хотын төв талбайд ”Засгийн газар 100 хоног” нээлттэй хаалганы өдрийг Архангай аймгийн ЗДТГ-аас энэ сарын 13-нд зохион байгууллаа.

 Уг арга хэмжээнд төрийн захиргааны 27 хэлтэс, агентлаг салбарынхаа хэмжээнд болон орон нутгийн зүгээс, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зорилтын талаарх мэдээллийг иргэдэд энгийнээр, дэлгэрэнгүй шуурхай өглөө.

Мөн өөрсдийн салбарын онцлогт тохирсон үйлчилгээг үзүүллээ.. Тухайлбал, нэгдсэн эмнэлэг явуулын эхогоор, хувийн хэвшлийн “Хасу”, “Зүүхэн”- эмнэлгүүд судас барих, толгойн бариа хийх, даралт үзэх зэрэг үйлчилгээ үзүүллээ. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын талаар зөвлөгөө өгч, сайн дурын даатгалыг нэмэгдүүлж шууд баталгаа хийж, иргэдтэй гэрээ байгуулав. “Хаш”, “Эм импекс”- эмийн сан эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсээс  зарласан “Хамрагдалтыг нэмэгдүүлэх, өр авлагыг барагдуулах” - аяны  хүрээнд үйл ажиллагаа явууллаа.

Цагдаагийн газар, ОБГ, УЦУОША ашигладаг багажуудаараа үзүүлэх сургалт хийлээ.

Сургууль, цэцэрлэгүүд хүүхдийн сургалтанд ашиглагддаг сургалтын хэрэглэгдэхүүн, багш шавийн хамтын бүтээл болон багш нарын сургалтын агуулга, хөтөлбөрүүдийг дэлгэсэн байв. Зарим сургууль, цэцэрлэг хүүхдүүдийнхээ үдийн цай, хоолны амталгаат үзэсгэлэнг гаргалаа.

Өдөрлөгийн үеэр Монгол улсын ардын жүжигчин, төрийн шагналт  Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид бэсрэг тоглолт хийсэн тухай Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Б.Гэрэлт-Од мэдээллэв.

  Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ