ЕХ цагаачлалын хямралтай тэмцэх төсвөө нэмэгдүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-10-09 11:04:10

БРЮССЕЛЬ. /TASS/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн 28 орны Дотоод хэргийн сайд нар цагаачлалын хямралтай тэмцэх төсвийн хэмжээг 400 сая еврогоор нэмэгдүүлжээ.

Энэ тухай Люксембургт хуралдсан ЕХ-ны Зөвлөлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

“Цагаачлалын хямралд хариу арга хэмжээ авахад санхүүгийн нэмэлт тусламж олгох шийдвэрийг Зөвлөл баталлаа. 2015 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг Зөвлөл түргэвчилсэн журмаар баталсан. Ингэснээр ЕХ-ны цагаачлалын салбарт үзүүлж буй дэмжлэгийг 401.3 сая еврогоор нэмэгдүүлнэ” гэж Зөвлөлийн мэдэгдэлд дурдсан байна.

Баримт бичиг тайлбарласнаар, дээрх мөнгөний 300 сая еврог нь Сирийн дүрвэгчдийг хүлээж авч байгаа гуравдагч оронд олгох бол 100 сая еврог нь Түр оршин суух эрх олгох, цагаачлал болон нэгтгэх асуудал хариуцсан сан, мөн Дотоодын аюулгүй байдлын сангийн яаралтай тусламжид зарцуулах аж. Үлдсэн 1.3 саяыг нь хүмүүнлэгийн тусламжийн хувиар гаргана.

“Одоо төсөвт өөрчлөлт оруулах төслийг Европын парламент батлах ёстой. Хэрэв Европын парламент сайшаан дэмжвэл төслийг батална” гэж Зөвлөлийн мэдэгдэлд дурджээ.

ЕХ-ны Хилийн аюулгүй байдлын агентлагийн /Frontex/ мэдээлснээр, 2015 он гарснаас хойш тус холбооны орнуудад 630 мянган цагаач хууль бусаар нэвтэрсэн байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ