ЗАВХАН: "Анд" брэнд дотоодын оймсны хэрэгцээгээ хангадаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-12-05 14:52:34

Улиастай, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Завханы “Анд” оймсны үйлдвэр ОХУ руу бүтээгдэхүүнээ экспортолж байна.


Тус аймагт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл авсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь үр дүнтэй, олон хүнийг ажлын байраар хангасан үйлдвэрүүд олон бий. Үүний нэг нь "Анд" оймсны үйлдвэр юм.


“Хадан суурь мөнх” ХХК-ийн "Анд" оймсны үйлдвэр нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас 85 сая төгрөгийн санхүүжилт авсан. Эднийх өдгөө эрэлт их, үйлдвэрлэлт хэвийн, эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллаж байна. Цэвэр хонины ноосон болон даавуун оймсыг үйлдвэрлэж буй тус үйлдвэр нь ЖДҮДС-аас санхүүжилт авснаар ажилчдынхаа тоог нэмж, орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжтэй болж үйлдвэрээ өргөжүүлэн, хүчин чадлаа нэмжээ. 


"Зузаан оймс үйлдвэрлэх машин дөрөв болж, өдөртөө үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо нэмэгдэж бүтээмж сайжирсан.


Нэг машин гурван минутад нэг оймс, зургаан минутад хос оймс, нэг цагт 10 хос оймсыг үйлдвэрлэх хүчин чадалтай. Ажлын найман цаг ажиллаж, өдөртөө 300 орчим хос оймсыг үйлдвэрлэдэг.


Харин дөрвөн машин бүрэн хүчин чадлаараа ажиллахад өдөртөө 1000 орчим хос оймсыг үйлдвэрлэх боломжтой юм. Уламжлалт баяр ёслол, улирлын төлөвөөс шалтгаалан үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллаж, 1000-1100 гаруй хос оймсыг үйлдвэрлэх тохиолдол ч бий.


Өнөөдрийн байдлаар зургаан хүнийг тогтмол ажлын байраар хангаж, хонины ноосон оймсноос гадна даавуун оймсыг бүх насныханд зориулан үйлдвэрлэж байна.


Аж ахуйн нэгж, иргэдийн захиалгаар тусгай логотой оймсыг үйлдвэрлэдэг. Ул хэсэг нь зузаан, дээд хэсэг нь нимгэн оймс захиалга ихтэй, баруун таван аймаг болон Улаанбаатар хот, ОХУ-ын Тува улс руу нийлүүлж байна"  гэж  "Хадан суурь мөнх" ХХК-ийг үүсгэн байгуулагч, "Анд" оймс брэндийг үйлдвэрлэгч Ц.Өнөрбаяр ярилаа.


Тэрээр анх ОХУ-д суралцаж байхдаа талх шиг зарагддаг бүтээгдэхүүн юу байна гэдгийг судалж, нэрийн брэнд гаргахаар шийдсэн. Судалгаагаар манай эх оронд үйлдвэрлэж буй оймс байгааг олж харж, үйлдвэрээ байгуулсан.


Орон нутгийн бүтээгдэхүүнээ экспортод чиглэсэн, гаднын зах зээлд борлуулах гарцыг хайх, гаргах шийдэл олохыг зорин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар байнгын хэрэглэгчидтэй болсон төдийгүй тусгай захиалга ч тасрахгүй байна. Орон нутгийнхныхаа оймсны хэрэглээг нь бүрэн хангаж, хөрш аймгууд, Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул аймаг, ОХУ-аас захиалга авч оймсоо нийлүүлдэг гэж дуулгав. 

Аж ахуйн нэгж, иргэдийн захиалгаар тусгай логотой оймсыг үйлдвэрлэдэг



Тэмдэглэлт баяр ёслолыг тохиолдуулан цөөн тооны захиалгатай оймс үйлдвэрлэдэг



Дулаахан, чийг татахгүй, зөөлхөн даавуун оймснууд болон

70, 100 хувийн ноосон оймснууд том хүний болон хүүхдийн бүх төрлийн размераар үйлдвэрлэдэг



Солонгос утсаар өнгө загварын өргөн сонголттой үйлдвэрлэдэг тус үйлдвэрийн бүтээгдэхүүн нь

Цагаан сарын баяраар эрэлт ихтэй байдаг бөгөөд Завханы иргэд бэлгийн багц болгодог уламжлал хэдийнээ тогтжээ

Холбоотой мэдээ