Гэрлэх ёслолын ордонд нийслэлийн 9 дүүргийн 10 хос гэрлэлтээ бүртгүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-04 12:05:54

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Нийслэлийн есөн дүүргийн 10 хосын гэрлэх ёслол өнөөдөр боллоо. Гэрлэх ёслолын ордоноос нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, жил бүр зорилтот бүлгийнхэнд зориулан уламжлал болгон зохион байгуулдаг эл үйл ажиллагаанд энэ удаа 5-30 жил амьдарсан хосууд багтжээ.

 

Монголын уран барилгын өнгө төрхийг илтгэсэн Гэрлэх ёслолын ордоны гоёмсог шатаар алхаж, ирээдүйн амьдрал ариун хайраа бататган холбох нь залуу хосын амьдралын хамгийн дурсамжтай мөч байдаг билээ.

 

Монголдоо саяхныг болтол ганцхан гэгдэж байсан Гэрлэх ёслолын ордон хагас зууныхаа ойг хоёр оны дараа тэмдэглэнэ. Залуусын ариун хайрын энэхүү өргөөнд сүүлийн жилүүдэд гэрлэж буй нийт хосын 30 гаруй хувь нь гэрлэлтээ бүртгүүлж, бие биедээ үнэнч, аз жаргалант амьдралаа бэлгэдэн хатан сүйх, хаан бугуйвчтай шижир алтан бөгж солилцон зүүдэг уламжлал 1976 оноос хойш тогтсон юм.

 

Өнөөдөр гэрлэлтээ бүртгүүлсэн хосуудын сэтгэгдлийг хуваалцахад, иргэн Б.Шүр, “Үнэхээр сайхан өдөр тохиож байна. Энэ сайхан гэгээн гэрэлт өргөөнд гэрлэлтээ батлуулна гэж зүүдлээ ч  үгүй явлаа. Амьдралд минь маш сайхан дурсамж үлдээлээ” гэж байв. С.Цогтгэрэлийнх гурван хүүхэдтэй, хойшид илүү өнөр өтгөн гэр бүл болж, байранд орох хүсэл мөрөөдөлтэйгөөр ажиллаж хөдөлмөрлөдгөө илэрхийлж байв.

 

Түүнчлэн өнөөдөр гэрлэлтээ батлуулсан 10 хосын нэг Б.Эрдэнэбаатар, Б.Лхагвасүрэн нар зургаан хүүхэдтэй өнөр өтгөн айл ажээ. Гэрлэх ёслолын ордонд хоёр талын ах дүү, хамаатан садан, найз нөхөд, хамт олныхоо өмнө илүү бат бөх, үнэ цэнтэй гэрлэлтээ батлан тангараглаж байгаадаа туйлын баяртай байгаагаа ярьсан юм.

 

Фото сурвалжилгыг хүргэе.

































Холбоотой мэдээ