ӨВӨРХАНГАЙ: Ерөөлч, магтаалчдын аймгийн анхдугаар уралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-11-11 17:57:03

Арвайхээр, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Ерөөлч, магтаалчдын аймгийн анхдугаар уралдаан 11 дүгээр сарын 27-нд болно.


Үндэсний соёлын биет бус өвийн долоон ай савын аман уламжлалт өвийн томоохон бүрэлдэхүүн болох ерөөл, магтаалыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, ерөөлч магтаалчдыг алдаршуулах зорилгоор аймгийн Соёл урлагийн газраас тус уралдааныг зохион байгуулж байна. Уралдаанд 8-аас дээш насныхан дөрвөн насны ангиллаар оролцох боломжтой.


“Өвөрхангай аймагт ерөөлч, магтаалчид олон биш ч чанартай, цөөн хүмүүс байгаа. Хайрхандулаан сумын харьяат Д.Эрдэнэбат, Гучин-Ус сумын харьяат, аймгийн шилдэг өвлөн уламжлагч В.Пансан, Богд сумын харьяат, улсын аварга малчин А.Лундаажанцан нарын шилдэг ерөөлч, магтаалчид бий” хэмээн Соёл урлагийн хэлтсийн дарга Л.Пүрэвлхам хэлэв.


Мөн аймгийн анхдугаар уралдааныг зохион байгуулахаар хоёр жилийн турш ярилцсан бөгөөд үүний бэлтгэл ажил болгож, аман өвийн сургагч багш Г.Өнөболд Арвайхээр сумын ЕБ-ын 5 дугаар сургуультай хамтран ерөөлч, магтаалчийн сургалтыг явуулж байна” гэлээ.


Уралдааныг аймгийн шилдэг өвлөн уламжлагч В.Пансан, А.Лундаажанцан нар ивээн тэтгэж байна. 

Холбоотой мэдээ