Трамп, Путин нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-11-11 12:50:18

ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, Украины дайныг хурцатгахгүй байхыг түүнд зөвлөсөн гэж энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалж ням гарагт Ройтерс агентлагт мэдээлжээ. Ерөнхийлөгч Жо Байден Украиныг үргэлжлүүлэн дэмжихийг Д.Трампад уриалахаар төлөвлөж буй үед талууд утсаар ярьсан байна.


Д.Трамп мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт утсаар ярьсан байна. АНУ-аас Киевт үзүүлж буй цэргийн болон санхүүгийн тусламжийн цар хүрээг шүүмжилсээр ирсэн Д.Трамп дайныг хурдан зогсоохоо амласан боловч хэрхэн зогсоох гэж байгаагаа тодорхой дурдаагүй юм.  


Украины Гадаад хэргийн яамнаас мэдэгдэхдээ, Трамп, Путин нар утсаар ярьсан талаар урьдчилж мэдээлэл аваагүй тул үүнийг зөвшөөрөх эсвэл эсэргүүцэх боломжгүй гэсэн байна.


Талуудыг утсаар ярьсан тухай “Вашингтон Пост сонин хамгийн түрүүнд мэдээлсэн бөгөөд энэ талаар Д.Трампын харилцаа холбооны асуудал эрхэлсэн төлөөлөгч Стивен Чеунгаас тодруулахад, бид Ерөнхийлөгч Трампын дэлхийн бусад улс орны удирагчидтай утсаар хийсэн албан бус хэлэлцээний талаар тайлбар өгөхгүй гэсэн хариултыг өгчээ.


Вашингтон хот дахь Оросын Элчин сайдын яам мөн тодруулга хийх хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байна.


Энэ сарын 5-нд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дэд Ерөнхийлөгч Камала Харрисыг ялсан Д.Трамп ирэх нэгдүгээр сарын 20-нд үүрэгт ажилдаа орно. Ж.Байден Д.Трампыг лхагва гарагт Зууван танхимд хүрэлцэн ирэхийг урьсан гэж Цагаан ордон өнгөрсөн бямба гарагт мэдээлсэн юм.  


АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан ням гарагт хэлэхдээ, Ж.Байдены хамгийн чухал мессеж бол засгийн эрхийг тайван замаар шилжүүлэн өгнө гэдгийг баталгаажуулах амлалт байхаас гадна Европ, Ази, Ойрх Дорнодод болж буй үйл явдлын талаар Д.Трамптай ярилцах ажээ.

Холбоотой мэдээ