Засгийн газарт хийсэн өөрчлөлтийг Германы Ерөнхийлөгч зөвшөөрөн баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-11-08 16:01:13

БЕРЛИН, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /DW/. Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Сангийн сайд Кристиан Линднер, Хууль зүйн сайд Марко Бушман, Боловсролын сайд Беттина Штрак-Ватцингер /бүгд Чөлөөт ардчилсан намын гишүүд/ нарыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай хүсэлтийг хүлээн авчээ.  


Тэрбээр Канцлер Олаф Шольцын санал болгосны дагуу Социал демократ намын гишүүн, засгийн газрын тэргүүний зөвлөх Иорг Кукисийг Сангийн сайдаар томиллоо.


Штайнмайер хэлэхдээ, И.Кукис “бидний өмнө том сорилтууд тулгараад буй хүнд хэцүү цаг үед" энэ албанд томилогдож байна гээд “эх орныхоо эрх ашгийн төлөө зүтгэхэд нь амжилт хүсэн ерөөв”.


Тээврийн сайд Чөлөөт ардчилсан намын эгнээнээс гарав

Германы Тээврийн сайд Фолькер Виссинг Чөлөөт ардчилсан намаас гарч, цөөнхийн засгийн газарт Хууль зүйн яамыг, харин Хүнс, хөдөө аж ахуйн сайд Жем Өздемир Боловсролын яамыг удирдахаар болжээ. Ингэснээр Ф.Виссинг, Ж.Өздемир нар хоёр албан тушаалыг зэрэг хашихаар болж байна.


Германы дэд Канцлер, Эдийн засгийн сайд Роберт Хабек Ф.Виссингийг албан тушаалдаа хэвээр үлдээхээр шийдвэрлэснийг сайшаажээ. 


Тэрбээр “Эвсэл90/Ногоон намын төлөөллүүд одоогийн Засгийн газарт үргэлжлүүлэн ажиллах болно” гэдгийг мэдэгджээ.


Р.Хабек мөн парламентын ээлжит бус сонгуулийг яаралтай явуулахыг шаардаагүй байна. О.Шольц засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлыг Бундестагаар хэлэлцүүлэх тохиромжтой хугацааг өөрөө сонгож, парламентын сонгуулийг явуулах ёстой гэж тэрбээр хэлжээ. 


Социал демократ нам (SPD), Чөлөөт ардчилсан нам (FDP), Эвсэл90/Ногоон намаас бүрдсэн эвслийн засгийн газар тарсны дараа асуудалд хариуцлагатай байхыг Германы Ерөнхийлөгч өмнө нь уриалсан юм.



Холбоотой мэдээ