ХӨСҮТ: Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний идэвхжил шар түвшинд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2024-11-04 14:49:03

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 43 дугаар долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчний идэвхжил шар түвшинд байгааг ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач эмч Ч.Уртнасан  мэдээлэв.


Тэрбээр ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, "Томуу, томуу төст өвчний тархалтын түвшнийг таван үед хувааж үздэг. 43 дугаар долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний идэвхжил шар түвшинд байна. Тархалтын түвшнээр авч үзвэл, ногоон түвшинд нэг аймаг, идэвхжлийн буюу шар түвшинд нийслэл болон 17 аймаг, алаг цоог дэгдэлтийн буюу улбар шар түвшинд хоёр аймаг бүртгэгдсэн. Бид эдгээр аймагтай холбогдож арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлж байгаа. Насны хувьд авч үзвэл өвчлөгсдийн 46 хувийг тав хүртэлх орчим насны хүүхдүүд эзэлж байна. Харин 15 хүртэлх насны хүүхдүүдийн хувьд 77 орчим хувийг эзэлж буй. Энэ нь өмнөх долоо хоног болон өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад томуугийн өвчлөл 5-9 насны хүүхдүүд дунд нэмэгдэх зүй тоглол ажиглагдаж байна. Томуугийн өвчлөл 10 дугаар сарын сүүлээр эхэлж, 12 дугаар сарын эхээр оргил үедээ хүрдэг. Иймээс амны хаалтаа зүүж, гараа сайтар угааж хэвших хэрэгтэй. Арваннэгдүгээр сарын 3-ны байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 900 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 85 орчим хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай гэж оношлогдсон. Одоогоор нийслэлийн хэмжээнд 200 орчим орыг дэлгэн ажиллуулж байгаа. Орон нутгийн хувьд одоогоор орны ачаалал нэмэгдээгүй байна. Яаралтай түргэн тусламжийн нийт дуудлагын 12 хувийг томуу, томуу төст өвчнии шалтгаантай дуудлага эзэлж байна" хэмээв.


ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр,Энэ жил эрүүл мэндийн салбар томуу томуу төст өвчинтэй тэмцэх чиглэлээр нэлээн эрт арга хэмжээ авч эхэлсэн. Томуугийн дархлаажуулалтыг 9 дүгээр сараас эхэлж, нийт 320 мянган хүн тун вакциныг хийж одоогоор 90 хувьтай байна.  Амны хаалт зүүж, гараа угаахад томуу, томуу төст өвчнөөс тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой” гэдгийг дурдав.

Холбоотой мэдээ