"Хүрээ" амаржих газрын шинэ байрыг ашиглалтад оруулж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбулаторийг шинэчлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ барилга болон ЭХЭМҮТ-ийн Нөхөн үржихүйн болон хүүхдийн зөвлөх поликлиникийн өргөтгөлийн үйл ажиллагаатай танилцлаа.
Анх 2021 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх эмнэлгүүдэд
ажиллахдаа өргөтгөлийн барилгын санхүүжилт, тоног төхөөрөмж, засвар
шинэчлэлд шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт тусгуулж, улмаар 2022 оны
аравдугаар сарын 7-нд нийслэлийн “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн барилгын
ажлыг эхлүүлэхээр шав тавьж байсан юм. Тус өргөтгөлийн барилгын ерөнхий
гүйцэтгэгч “Өгөөмөр баян дэнж” ХХК нийт 45 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр орчин үеийн чанарын шаардлагад нийцүүлэн барьж, хугацаанаас нь өмнө
ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.
Нийслэлийн олон мянган эхчүүд, эмэгтэйчүүдэд эх барих эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газрын барилга болон тоног төхөөрөмж нь хуучирч, орны хүрэлцээ муутай олон жилийн нүүр үзсэн. Энэ хугацаанд тус эмнэлэг 500 мянга гаруй үрсийг эх барьж авсан. 65 жилийн дараа өргөтгөлийн шинэ эмнэлгийн барилгатай болсноор эх, нярайн төрөлт хэрхэн сайжрах талаар тус эмнэлгийн дарга Б.Мөнхсайхан Ерөнхий сайдад танилцуулав.
Засгийн газар түүхэндээ анх удаа буюу 2021 онд эрүүл мэндийн
салбарт 1.0 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн аж. Энэ нь тухайн үедээ тус
салбарт сүүлийн 12 жилд хийсэн нийт хөрөнгө оруулалттай тэнцэж байсныг Ерөнхий
сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод төсвийн энэ хөрөнгө оруулалтаар төрөх эмнэлгүүдийн
өргөтгөлийн барилгын санхүүжилтийг шийдсэн. Богино хугацаанд ашиглалтад оруулсан
гүйцэтгэгч компаниуд болон эмч, эмнэлгийн ажилтнуудад баяр хүргэж, амжилт
хүслээ.
“Хүрээ” амаржих газрын өргөтгөлөөс гадна улсдаа хамгийн томд тооцогддог ЭХЭМҮТ-ийн Нөхөн үржихүйн болон хүүхдийн зөвлөх поликлиникийн өргөтгөлийн барилга, тоног төхөөрөмжийн хөрөнгийг мөн 2021 онд тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шийдвэрлэхээ илэрхийлж байв. Энэ дагуу хөрөнгө оруулалт, барилгын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж ашиглалтад орсон байна. “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Ерөнхий сайд Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн Нөхөн үржихүйн болон хүүхдийн зөвлөх поликлиникийн шинэ өргөтгөлөөр орж, тус эмнэлгийн эмч, ажилтнууд, эхчүүд эмэгтэйчүүдэд баяр хүргэж, амжилт хүслээ.
Засгийн газраас ЭХЭМҮТ-д
2021-2023 онд нийт 83.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Улсын
төсвийн хөрөнгө оруулалтаар тус төвд эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн
амбулаторийн өргөтгөлийн шинэ дөрвөн давхар барилга, 2772 ам дөрвөлжин метр талбайтай
Перинатологийн төв ашиглалтад орсон юм. Мөн Хүүхдийн эмнэлгийн амбулаторийн
өргөтгөлийн зургаан давхар, 9000 ам дөрвөлжин метр талбайтай шинэ барилгын ажил 85
хувьтай үргэлжилж байна.
ЭХЭМҮТ 680 ортой,
хүүхдийн болон эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, дэмжих албаны нийт 55 тасаг
нэгжтэй, 1000 гаруй эмч, эмнэлгийн ажилтантай улсын хэмжээнд эмнэлгийн
тусламж үйлчилгээг үзүүлж байна. Мөн тус төвийн 12 тасгийн иж бүрэн засвар
дуусаж, үлдсэн тасгуудын санхүүжилтийг 2025 оны төсөвт тусгажээ. Онцгойлон төрөх
тасгийг засварлаж төрсөн эх гэр бүлийнхэнтэйгээ хам байх 10 өрөөтэй болсноор
үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж сайжирсан талаар
ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа Ерөнхий сайдад танилцуулав.
Засгийн газраас эх хүүхдийн тусламж үйлчилгээнд сүүлийн гурван жилд 175.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний
79.1 тэрбум төгрөгийг барилга, 31 тэрбум төгрөгийг их засварт, 65.2 тэрбум
төгрөгийг орчин үеийн шинэ техник тоног төхөөрөмжид зарцуулжээ. Энэ хүрээнд
“Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн барилга, Түлэнхийн төв эмнэлэг, Архангай
аймагт 300 ортой нэгдсэн эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн “Нөхөн үржихүйн зөвлөх
поликлиник”, Яармагийн “Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-2”, аймаг,
дүүрэг, сумын эрүүл мэндийн төвийн барилгын төслүүдийг дуусгаж, аймаг, сумдад
орчин үеийн стандартад нийцсэн эрүүл мэндийн төвүүдийг байгуулаад байна гэж Засгийн газрын ХМОНХГ-аас мэдээллээ.