Суръя гэсэн шавь нарын нүд сургахын төлөөх багшийн ажлыг илүү эрч хүч, урам зоригтой болгодог

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-05 11:17:30

-Монголын багш нарын өдөрт-


Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. 
Монголын багш нарын 58 дахь, дэлхийн багш нарын баярын 30 дахь өдөр тохиож байна.


ЮНЕСКО-uоос 1994 онд жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн багш нарын өдөр” болгон зарлаж, тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Энэ хичээлийн жилд бүх шатны боловсролын байгууллагад 54.2 мянган багш ажиллаж байна. 


Багш хэмээх эрхэм алдраар овоглож, үе үеийн шавь нартаа эрдэм мэдлэгээ түгээж буй багш нарын сэтгэгдлийг хуваалцлаа. Тэд боловсролын салбарын ирээдүй гэрэл гэгээтэй, амжилт өрнүүн байна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байсан юм. 


    Н.Оюунчимэг: Суръя гэсэн шавь нарын минь нүд багшийг илүү эрч хүч, урам зоригтой болгодог         


-Багш мэргэжлийн хамгийн бахархмаар сайхан зүйл нь юу вэ?

-Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн мэдээлэл зүйн багш Б.Ган-Эрдэнэ: Багш мэргэжил эзэмших болсон нь хувь хүний минь үнэ цэн, үнэт зүйлтэй холбоотой. Хүмүүс ихэнхдээ эх орон гэдгийг газар нутгаар төсөөлдөг. Миний бодлоор эх орон гэдэг улс орны иргэд, хүн ам нь байдаг. Тэгэхээр ирээдүйн иргэдийг сурган хүмүүжүүлж, соён гэгээрүүлнэ гэдэг нь эх орныхоо төлөө зүтгэж буй хамгийн том үйл юм. Гол үнэ цэн нь эх орныхоо төлөө өөрийгөө зориулж, эх орныхоо ирээдүйг бэлдэж байгаа гэж итгэдэг. Энэ л миний багшлах үнэ цэн. Ийм учраас багш мэргэжилдээ дуртай. Багш хүн хүүхдүүдтэй ажилладаг учир үргэлж шинэлэг, залуу сэтгэлгээтэй, хүүхдэрхүү зантай байдаг. Тэдний гэгээлэг орчин багшийг аз жаргалтай болгодог юм. Мэдээж ядарна, ачаалал их гэж болох ч амар ажил гэж үгүй шүү дээ. 2010 оноос хойш багшлахдаа 2,3 жил гадаад яваад ирсэн. Цалин бага байхад эргээд багшиллаа гээд зарим хүн гайхдаг ч дотор хүн маань багшлахын чухлыг ойлгосон байсан.


Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн физикийн багш Н.Оюунчимэг: Би 37 дахь хичээлийн жилдээ багшилж байна. Багш хүн ер нь хүүхэд шигээ л болдог. Олон жил багшлаад ирэхээр хүүхдийн ертөнцөд гүн нэвтэрдэг гэх үү дээ. Сурахын төлөө тэмүүлэлтэй, мэдээд авъя, аргыг нь олъё, суръя гэсэн хүүхдийн нүдийг харахаар багш өөрийн эрхгүй л ажилладаг юм даа. Шавь нарын минь сурах мэдэхийн төлөө тэмүүлсэн тэр гэгээлэг нүд намайг эрч хүчтэй болгодог, илүү урам зоригтой ажиллах итгэлийг өгдөг.


Ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийн 2а ангийн багш Х.Алтангэрэл: Боловсролын байгууллагад 10 гаруй ажил ажиллаж байна. Багш хэмээх эрхэм мэргэжлийг эзэмшсэний хувьд бүх л шавиараа бахархдаг. Тэднийгээ хараад үргэлж баярлаж явдаг даа. Хүүхэд шуугилдсан сургуулийнхаа хаалгаар ороод ирэхэд л бүх юмаа умартаад, сайхан энерги, эрч хүчээр тэтгэгддэг. Хүүхдийн эрч хүч, инээд баяр, хөөр жаргал нь дундрашгүй байдаг юм. Тийм орчинд ажиллахад тэднийгээ дагаад л бөөн эрч хүч, баяр хөөр болчихдог юм шүү дээ.

 


          Б.Ган-Эрдэнэ: Хүүхдүүд илүү чөлөөтэй сэтгэдэг болсон ч үүрэг, хариуцлагыг ойлгуулах нь чухал 


-Цаг үеэ дагаад хүүхдүүдийн сэтгэхүй, сэтгэлгээ их өөрчлөгдөж байгаа нь багш нарын ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?

Н.Оюунчимэг: Багш 20 жилийн өмнө шууд тушаадаг, сурагчид ч багшийн даалгасныг “за” л гэдэг байлаа. Орчин үеийн хүүхдүүд шал өөр. Дагаад багш нар ч өөрчлөгдөж байна. Багш, сурагчийн харилцаа нөхөрсөг болж, хандлага өөрчдөгдсөн. Эцэг эх ч багшид хүндэтгэлтэй ханддаж байж. Одоо багшийг хүндэтгээгүй гэж байгаа юм биш. Гэхдээ хүүхдүүд үг даах, зэмлэл хүлээх чадвар сул болжээ. Сурах зорилгоо ойлгоогүй, арга барилаа олоогүй хүүхэд байдаг. Нэг ангийн 80 хувь нь сурах гэж хичээдэг бол 10-20 хувьд нь ийм асуудал тулгардаг. Хаана ч, аль ч сургуульд байдаг зүйл. Тэднийг яаж аятайхнаар залж чиглүүлэх нь багшийн арга зүй юм даа.



Б.Ган-Эрдэнэ: Арав гаруй жил багшлахдаа дунд нь хэсэгхэн гадаад явж ирэхэд хүүхдүүд шал өөр болсныг мэдэрсэн. Хүүхэд өсөж байгаа нь аав ээжид нь анзаарагддаггүй шиг багшилж байхдаа тэр ялгааг нэг их мэдрээгүй. Гурван жил яваад ирэхэд хүүхдүүдийн оюун санаа илүү чөлөөтэй, нийгэм ч гэсэн хүүхдийн төлөө хандлагатай болсныг анзаарсан. Харамсалтай нь, хүүхдүүд гадны соёлд хэт уусах хандлагатай, тэр соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлээд, өөрсдийн үнэт зүйлээ үл ойшоогоод байх шиг санагдаж эмзэглэдэг. Хүүхдийн эрх чухал ч юун дээр эрх чөлөөтэй, үүрэг хариуцлагатай байхыг бодох ёстой. Хүүхдүүд оюун санаа, зан харилцааны хувьд өөрчлөгдөж байна. Өмнөх үеийн хүүхдүүд бусдыг хүндлэх эерэг хандлагатай байсан бол орчин үед хүндлэх биш нэг тэгш харилцаа үүсгэх сонирхолтой болсон байна. Багш ч гэсэн хүүхдүүддээ дасан зохицож, тэд нарт хүрч ажиллахын тулд өөрийгөө өөрчлөхгүй бол явцгүй гэдгээ ухаарч, дагаад л өөрлөгдөж л байна.


Х.Алтангэрэл: Хүүхдүүд жилээс жилд л өөрчлөгдөж, өөр өөр онцлогтой болж байна. Цар тахлын дараагаас бүр ч илүү өөр болсон мэт санагддаг. Хүнээс үг сонсох, хүний үгэнд орох нь сул болсоор байгаа. Эцэг эхийн хараа хяналт ч суларч, аль болох багшид асуудлыг тохож, багшаас их зүйл шаардаж, хүүхдээ өмөөрөх хандлага нийгэм даяараа л байгаа. Хүүхдээ сайн сургаж, хүмүүжүүлье гэвэл эцэг эх, багш, сурагч, гурвын хамтын ажиллагаа хэрэгтэй. Иймд хүүхдээ, бас багш нарыгаа дэмжихийг хүсдэг. Бага ангийн хүүхдүүд цайлган, цагаахан, цагаан цаас шиг орж ирдэг учир хөөрхөн. Яг л багшийн үгээр байдаг. Энэ сургуульд ороод хамгийн анх 1-р анги авсан маань өнөөдөр 12-р ангиа төгсөх гэж байна. Тэднийхээ хичээлд суугаад гарч ирлээ, баяртай байна.




-Боловсролын салбарыг ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ?

Н.Оюунчимэг: Боловсролын салбарын ирээдүйг сайхан болно гэж итгэдэг. Физикийн багшийн хувьд гэхэд янз бүрийн хөрөнгө оруулалт, гадаадын улс орноос болон бусад шугамаар хичээлийн хэрэглэгдэхүүн, багаж, төхөөрөмж жилээс жилд сайжирч ирсээр л байна. Үнэхээр сурах хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүд их өөр хандлагатай, шал ондоо байдаг нь харагддаг л даа. Багш нарын хандлага, харилцаа ч өөрчлөгдөж байна. Сайхан ирээдүй байгаа гэдэгт үргэлж итгэдэг.

Сүүлийн үед сайн сурагч багш болохгүй байгаад жаахан харамсдаг юм. Өнгөрсөн хугацаанд маш олон шавиа олон улсын болон улсын олимпиад, уралдаан тэмцээнд бэлдэж, амжилт гаргалаа. 400 гаруй медаль авсны 70 гаруй нь улсынх байна. Улсын олимпиадаас 15 алт, 23 мөнгө, 28 хүрэл медаль авсан байна. Энэ мундаг хүүхдүүд бүгд л инженер болохоор гадаад орныг зорих юм. Багшийн цалин 3 сая хүрдэг бол энэ чадалтай хүүхдүүдийн зарим нь багш болъё гээд ороод ирнэ дээ. Эх орноо голж шилсэндээ бус үнэлгээ өндөр газар ажиллахыг хүсээд явчихаж байна шүү дээ.


Б.Ган-Эрдэнэ: Боловсролын салбарыг эерэг ирээдүй хүлээж байгаа гэж итгэдэг. Нэг өдөр бүхнийг өөрчлөх боломжгүй. Хөгжлийнхөө явцад байгаа. Энэ салбарт юм хийж байгаа. Тэр нь хэр хурдацтай вэ л гэдэг ойлголт юм. Цалин бага гэж байгаа ч сүүлийн 4,5 жил багагүй өөрчлөлт хийж, ялангуяа сургуулиудын төсвийг ахиу өгдөг болсон. Энэ нь тухайн сургуульд ажиллаж буй багшийн нийгмийн хангамж, сэтгэл санааны байдалд эерэг хандлага бий болгосон гэж боддог. Цаашид энэ эрчээрээ явбал олон эерэг, сайхан зүйл бий болох байх. Манай улс PISA үнэлгээнд хамрагдсан нь маш чухал ач холбогдолтой. Үүний цаана олон эерэг өөрчлөлт гарч байгаа. Бид олон улсаас даалгавар яаж боловсруулах, хүүхдээ хэрхэн шалгах зэрэг шинэлэг зүйлээс суралцсаар байна.

 

Холбоотой мэдээ