“School police” арга хэмжээнд 1600 орчим эцэг эх оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-17 10:48:41

Дунд сургуулийн сурагчдыг замын хөдөлгөөнд соёлтой оролцуулах, гэмт хэрэг, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх,жолооч нарын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор эцэг эхчүүдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг “School police” эргүүл Дорноговь аймагт амжилттай хэрэгжиж байна.

Тухайлбал, Сайншанд сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагчдын эцэг эхчүүд дээрх арга хэмжээг  хэрэгжүүлэхдээ сайн дураараа нэгдэж 10 орчим журам  баталж мөрддөг аж.

Өдөрт 6-8 эцэг эх дээрх арга хэмжээнд  оролцдог  гэж үзвэл тус сургуулийн 1600 сурагчийн ар гэрийн төлөөлөл жилийн дотор  “School police” арга хэмжээнд  нэг удаа  оролцсон тоо гарч байгаа юм.

Дээрх эргүүлийн үйл ажиллагаанд сургуулийн захиргаа, замын цагдаагийн алба зэрэг хууль хяналтын байгууллагууд хамтран ажилладаг байна.

Дээрх арга хэмжээг Монголын сурагчдын холбоо анх санаачилсан бөгөөд Дорноговь аймагт хоёр дахь жилдээ  хэрэгжиж буй.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ