Төвөдийн өөртөө засах орны хөгжил цэцэглэлтийг гэрэл зургаар харуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-09-23 14:09:58

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол, Хятадын найрамдлын 7 хоногийн хүрээнд “БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орны хөгжил цэцэглэлт” гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээлээ.


Монгол, Төвөд хоёр орон шашин, соёлын уламжлалт холбоотой. Энэхүү үзэсгэлэн тус өөртөө засах орны байгалийн үзэсгэлэнт байдал, нийгмийн янз бүрийн салбар дахь хөгжлийн ололт амжилтыг харуулна. Мөн хоёр орны ард түмний хоорондын ойлголцлыг гүнзгийрүүлж, найрамдалт харилцааг улам хөгжүүлнэ хэмээн зохион байгуулагчид онцолж байна.


Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Г.Батсүх, “Төвөдийн өөртөө засах орны танка урлагийн бүтээлүүдийг анх удаа дэлгэж байна. Төвөдийн анагаах ухааны хэдэн мянган жилийн турш мөрдөж ирсэн эмчилгээний судар ном бичгийг танка хэлбэрээр буулгасан нэг талаасаа уран зураг, нөгөө талаасаа анагаах ухааны сурах бичиг гэж хэлж болох бүтээлүүдийг эл үзэсгэлэнд толилуулж байна. Мөн Монгол, Хятадын найрамдлын 75 жилийн ойд зориулан Төвөдийн байгалийн үзэсгэлэн, нийгэм эдийн засгийн хөгжил, хүмүүсийн аж амьдралыг харуулсан 75 зураг дэлгээд байна.

Төвөд бол дэлхий даяар “Дэлхийн дээвэр” гэж нэрлэгддэг. Нийт 6000 метрийн өндөрт хүн, амьтан, мал хэрхэн дасан зохицож амьдарч ирсэн тухай, төвөдийн түүх, уламжлал, соёл анагаах ухааныг хэрхэн хөгжүүлж ирсэн тухай, өндөр газарт эдийн засгийн хөгжлийн дэд бүтцийг хэрхэн бүрдүүлсэн тухай гэрэл зургаас харж болно. Тухайлбал, өндөрлөг газарт барьсан хурдны төмөр зам, цахилгаан дамжуулах шугам гэх мэт.  Манай залуу үеийнхэн энэхүү үзэсгэлэнгээс төвөд орны тухай мэдлэгээ арваижуулах чухал ач холбогдолтой” гэв.


Энэхүү үзэсгэлэнд төвөд анагаах ухааны танка/ мантанг/ зургийн 12 бүтээл, Төвөдийн өөртөө засах орны 75 гэрэл зургийг дэлгэжээ.


Мантанг гэдэг нь “Анагаахын дөрвөн сонгодог”, “Юэ вангийн анагаах ухааны оношилгоо”, “Цэнхэр шил” зэрэг төвөд анагаах ухааны сонгодог бүтээлүүдийн агуулгыг уран зурагтай хослуулсан бүтээл юм. “Ман” гэдэг нь анагаах ухаан, “танг” гэдэг нь танка буюу хоргой торгон дээрх зураг гэсэн утгатай аж.


Төвөдийн уламжлалт уран зургийн хэлбэрээр анагаах ухааны учир утгыг илэрхийлсэн эдгээр тусгай бүтээл нь анагаахуйн ухааныг бүртгэх, сургах хэрэгцээг хангаад зогсохгүй тод нарийн, сонирхолтой агаад өнгөлөг зураг, бичвэр ашигласан тул суралцагч, үзэгчдэд сургалтын хэрэгсэл болох юм.

Харин гэрэл зургийн үзэсгэлэнд Төвөдийн өөртөө засах орны өвөрмөц бөгөөд өндөр сзрлэг байгалийн үзэмж, малчин, тариаланч ард түмний аж амьдрал, бүтээн байгуулалт, дэд бүтцийн хөгжил цэцэглэлтийн өнгө төрхийг харуулжээ.


Тус үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болно. 






















Холбоотой мэдээ