Хотын дарга нарын 100 хоногт гүйцэтгэсэн ажлыг харьцуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРНИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, Ц.Одонтунгалаг нар хотын даргын 100 хоногт хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ.
Тэд өмнөх дөрвөн жилд хотын даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүлийн 100 хоногт хийсэн ажлыг одоогийн хотын дарга С.Батболдын 100 хоногт хийсэн ажилтай харьцуулсан аж. Тухайлбал Э.Бат-Үүл 100 хоногийн хугацаанд 218 ажилтай холбоотой захирамж гаргаж байсан бол С.Батболд 101 захирамж гаргасан гэжээ. Гэхдээ Э.Бат-Үүлийн гаргасан захирамжаас 65 нь ажил санаачилсан, ажлын хэсэг байгуулсан тухай байсан бол С.Батболдын захирамжийн 21 нь ажил зохион байгуулсан захирамж байгаа гэлээ.
Ц.Баатархүү “Засаг дарга ажлаа аваад нэр хаяг өөрчлөхөөс ажлаа эхлүүлсэн. Есдүгээр сарын 15-нд төв талбайн нэрийг Сүхбаатарын болгож өөрчилсөн. Уг нь эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, өвөлжилтийн бэлтгэл хангах, бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх ажлууд зөндөө байна. Мөн өмнөх Засаг даргын хийж байсан ажлын нэрийг өөрчилж байна. Тухайлбал 152 хороонд бичил бизнесийн төсөл хэрэгжүүлсэн байсныг "Итгэлийн зээл" болгож нэрийг нь өөрчилсөн. Мөн "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн нэрийг өөрчилж "Урлагийн хот Улаанбаатар" болгож, урлагийн шоу зохион байгуулсан” гэсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд долдугаар сарын 6-нд томилогдсон бөгөөд энэ сарын 17-нд 100 хоног болж байгаа аж.
Н.Туяа