Уран дархны урлагийг дэмжих Ерөнхийлөгчийн зарлигийг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-10-14 13:30:17

Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Уран дархны урлагийг дэмжих тухай" зарлигийг гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч энэ оны 8 дугаар сарын 9-нд "Уран дархны урлагийг дэмжих тухай" зарлигийг гаргасан. Зарлигийн хүрээнд монгол уран дархчуудыг бүтээлээр 3 жилд нэг удаа "Монгол дархан" үзэсгэлэнг гаргаж байхаар болсон гэдгийг тодотгов.

Ингээд тэрбээр Ерөнхийлөгчийн зарлигийг БСШУС-ын сайд Ж.Батсуурь, МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь, Монгол дархны "Түмэн эрдэнэс" холбооны тэргүүн С.Батзоригт нарт гардуулсан юм.

Уг зарлигт “1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол дархан” үзэсгэлэнг 3 жил тутамд нэг удаа, долдугаар сарын эхний 15 хоногт зохион байгуулж байхыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох төрийн бус байгууллагад даалгасугай.

2. Монгол үндэстний сонгодог өв-уран дархны урлагийг өвлөн уламжлах, хадгалан хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх; уг салбарт идэвхтэй ажиллаж буй иргэдийг хөхиүлэн дэмжиж байхыг холбогдох төрийн байгууллагад даалгасугай.

3. Монгол уран дархны урлагийг өвлөн уламжлах, хадгалан хамгаалах,  судлан шинжлэх үйлсэд идэвх, санаачилгатай ажиллахыг шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн байгууллага, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагад уриалсугай” хэмээжээ.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ