Азербайжаны Гран-Прид Оскар Пиастри түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-09-16 10:45:20

БАКУ, 2024 оны есдүгээр сарын 16 /TASS/. “Формула-1” ангиллын авто уралдааны энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 17 дахь гараа буюу Азербайжаны Гран-При уралдаанд "Макларен" багийн австрали нисгэгч Оскар Пиастри түрүүллээ. 


Хоёрдугаар байрт "Феррари" багийн нисгэгч Шарль Леклер орсон бол “Мерседес” багийн британи нисгэгч Жорж Рассел гуравдугаар байрыг эзэлжээ. 


Энэ оны ДАШТ-д хувийн оноогоор тэргүүлж байгаа Нидерландын уралдаанч Макс Ферстаппен (Ред Булл) тавдугаар байрт шалгарсан байна. Тэрбээр сүүлийн долоон гараанд дараалан түрүүлж чадаагүй юм.


Уралдааны сүүлийн тойрогт Испанийн нисгэгч Карлос Сайнц (Феррари), Мексикийн уралдаанч Серхио Перез (Ред Булл) нар мөргөлдөж, хасагдсан байна. Мөргөлдөх үед тэд гурав, дөрөвдүгээр байрт явж байжээ.


М.Ферстаппен 313 оноогоор ДАШТ-д тэргүүлсэн хэвээр байгаа бол түүний араас "Макларен" багийн нисгэгч Ландо Норрис /254 оноо/, Ш.Леклер /235/ нар удаалж байна. Харин багийн чансаагаар "Маклерен" /475/ тэргүүлж байгаа бол "Ред Булл" /456/, "Феррари" /425/ багууд тус тус хоёр, гуравдугаарт бичигдэж байна.


“Формула-1”-ийн дараагийн Гран-При есдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Сингапурт болно.


Холбоотой мэдээ