СҮХБААТАР: Номын баяраар уншигчдын номын тэмдэглэлээс бүтсэн шинэ номыг танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-09-14 14:27:24

Баруун-Урт, 2024 оны есдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Жил бүр зохион байгуулдаг үндэсний номын баярын 36 дахь өдрийг Сүхбаатарынхан тэмдэглэж байна.


Дөрөв дэх жилдээ хэрэгжиж буй "Судар эгшиглэн" төслийн уншигчдын номын тэмдэглэлээс бүтсэн “Бидний номын тэмдэглэл” хэмээх шинэ номыг танилцуулж, уншигчдын хүртээл болгосон нь энэ удаагийн баярын онцлох үйл явдал байлаа.



Нийт иргэдийг ном уншдаг, уншсанаасаа суралцдаг, түүнийгээ бусадтай хуваалцдаг оюунлаг иргэн болгох зорилго бүхий "Судар эгшиглэн" төсөлд өнгөрсөн гурван жилийн хугацаанд 5000 орчим уншигч оролцож, нэг уншигч хамгийн багадаа 10 номын тэмдэглэл хөтөлсөн байдаг. Эдгээр тэмдэглэлээс онцолж зургаан ахмад багш болон 50 сурагчийн номын тэмдэглэлийг эмхэтгэн энэхүү номд оруулжээ.


"Судар эгшиглэн" төслийг үргэлжлүүлэн 4 дэх жилдээ хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд манай төсөл ганц Сүхбаатар аймаг бус Монгол Улсын хэмжээнд өрнөж, олон уншигчийг нэгтгэж чадсан. Нөгөө талаар төсөл маш амжилттай хэрэгжиж байгаагийн нэг илрэл бол уншигчдын маань тэмдэглэлээс бүтсэн энэхүү ном юм. Бид номоо 15 мянган төгрөгөөр худалдаанд гаргаж байгаа. Тиймээс хүүхэд багачууд болон томчууд ч мөн адил энэ номтой уншиж танилцан, номын тэмдэглэл хэрхэн хөтөлдөг талаар мэдлэгтэй болж, өмнөх уншигчдаас суралцаасай гэж хүсэж байна хэмээн төслийг санаачлагч Д.Энхтуяа ярилаа.



Номын баяраар олон төрлийн номын үзэсгэлэнг гаргаж, мөн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилж байна. "Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлье" уриан дор өрнөх номын баяр есөн сарын турш үргэлжилнэ. Тиймээс олон нийтийг хамарсан болоод уншигчдад зориулсан үйл ажиллагаануудыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.


Сүхбаатар аймгийн Нийтийн номын сан өнгөрсөн оны үйл ажиллагаагаараа улсад тавдугаарт эрэмбэлэгдэж, 25 сая төгрөгийн нэмэлт санхүүжилтийг авчээ. Уг санхүүжилтээр номын сангийн үйл ажиллагааг сурталчлах, уншигчдыг идэвхжүүлэх, номын баяжилт хийх зэрэгт зарцуулж, урьд жилийн амжилтаа бататгах зорилтыг тавин ажиллаж байна гэдгийг номын сангийн захирал Э.Амарбат хэллээ.


Мөн аймгийн Засаг дарга баярын нээлтийн үеэр нийтийн номын сангийн шинэ барилгын зураг төсөв хийлгэх зардлыг шийдвэрлэж өгөхөө мэдэгдсэн юм

Холбоотой мэдээ