Аргентинчууд Колумбын шигшээд хожигджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-09-11 13:30:45

БОГОТА, 2024 оны есдүгээр сарын 11 /RIA Novosti/. Европын хөл бөмбөгийн багууд шинэ хэлбэрээр зохион байгуулж буй Үндэстнүүдийн лигийн тэмцээнд өрсөлдөж байх зуур Өмнөд Америкт 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ урьдчилсан шатны тоглолтууд ид өрнөж байна. Урьдчилсан шатны тэмцээний наймдугаар тойргийн тоглолтод Колумби, Аргентины багууд учраа таарч, Аргентины шигшээ баг хожигдлоо.


Колумби улсын Барранкилья хотод болсон уг тоглолт 2:1 харьцаагаар дууссан байна. Талбайн эзэн багаас Йерсон Москера (25 дахь минут), Жеймс Родригес (60 дахь минут, торгуулийн цохилт) нар гоолдсон бол Аргентины багаас Николас Гонзалес (48) гоол оруулжээ.


Ингэснээр Аргентины шигшээ багийн 12 хожигдолгүй цуврал тасалдсан байна. Тус баг хамгийн сүүлд 2023 оны 11 дүгээр сарын 17-нд ДАШТ-ний урьдчилсан шатны тавдугаар тойрогт Уругвайн шигшээ багт (0:2) хожигджээ.


Энэ удаад Аргентиний довтлогч Лионель Мессиг шигшээ багт дуудаагүй байна. 8 удаагийн Алтан бөмбөгийн эзэн тэрбээр "Копа Америка"-гийн финалд Колумбийн багтай (1:0) тоглох үеэр бэртсэнээсээ хойш талбайд гараагүй юм.


Аргентины шигшээ баг 18 оноогоор урьдчилсан шатны тэмцээнийг тэргүүлж байна. Колумбийн баг 16 оноотой, нэг ч хожигдолгүйгээр хоёрдугаарт бичигдэж байна.




Холбоотой мэдээ