“Боинг”-ийн удирдлага цалинг 25 хувиар нэмэгдүүлэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-09-09 17:52:01

ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 9 /DW/. Боинг” компани томоохон ажил хаялт болохоос сэрэмжлэх үүднээс  ажилтнуудтайгаа урьдчилсан тохиролцоонд хүрсэн гэж нисэх онгоц үйлдвэрлэгч тус компанийн удирдлага ням гаргийн орой мэдэгджээ. Ингэснээр ажилтнуудын цалинг 25 хувиар нэмэгдүүлж, дараагийн арилжааны онгоцоо Сиэтл орчмын үйлдвэрүүддээ үйлдвэрлэнэ хэмээн амласан байна.


Боинг компанийн 32 мянга орчим ажилтныг төлөөлдөг Машинистууд ба агаар сансрын салбарын ажилтнуудын олон улсын холбоотой /IAM/ хийсэн тохиролцоо нь сүүлийн 16 жилийн хугацаан дахь ийм төрлийн анхны тохиролцоо болж байна. Үүнд мөн тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдал, чанартай холбоотой ажиллагааг хянах тал дээр илүү эрх мэдлийг үйлдвэрчний эвлэлд олгох талаар тусгажээ.


Хэдийгээр бүх зүйл дээр амжилтад хүрэх боломжгүй байсан ч гэлээ энэ санал бол түүхэн дэх хамгийн сайн гэрээ болсон гэдгийг хэлж чадна гэж IAM-ын орон нутгийн салбар мэдэгдсэн байна. Тус үйлдвэрчний эвлэлийнхэн цалинг 40 хувиар нэмэгдүүлэхийг зорьж байжээ.


“Боинг компанийн арилжааны нисэх онгоцны салбарын гүйцэтгэх захирал Стефани Поп хэлэхдээ, энэхүү тохиролцоо нь ирээдүй хойч үеийнхэнд ажлын байрны баталгааг өгч байна гэлээ. Хэрэв шаардлагыг нь биелүүлэхгүй бол Боинг”-ийн ажилтнууд есдүгээр сарын 13-нд ажил хаяна гэж мэдэгдээд байсан юм. Гэхдээ ажилтнуудын гуравны хоёроос дээш хувь нь гэрээнд сэтгэл дундуур байвал ажил хаяж магадгүй хэвээр байна.


Дараалсан дуулиан шуугиан


Пүрэв гарагт үйлдвэрчний эвлэлийн гишүүд батлах ёстой уг гэрээг “Боинг компанийн түүхэн дэх хамгийн таагүй жилүүд өнгөрсний дараа байгуулж байна.


2019 онд тус компанийн 737 MAX онгоц Индонез, Этиопт осолдсоны дараа АНУ-ын эрх баригчид уг онгоцны нислэгийг зогсоосон юм. Хожим нь Боинг компанийн зарим удирдлага болон Холбооны нисэхийн захиргаа /FAA/ алдаатай программ хангамжийг нуун дарагдуулахын тулд нууцаар тохиролцсон нь тодорхой болсон байна. Мөрдөн байцаалтын явцад FAA аюулгүй байдлын талаар сэрэмжлүүлэхийг оролдсон шүгэл үлээгчдийг шийтгэсэн болохыг тогтоожээ. Улмаар “Боинг компани 20 тэрбум ам.долларын торгууль төлөх ёстой болсноос гадна 737 MAX онгоцнуудын захиалга цуцлагдсаны улмаас 60 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна.


Мөн энэ оны нэгдүгээр сард Alaskan Airlines” компанийн 737 MAX онгоцны ослын хаалга нислэгийн үеэр салж унасан юм. Түүнчлэн тавдугаар сард FAA “Боинг” компани 787 онгоцтой холбоотой мэдээллийг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ. Эдгээр дуулиан шуугиан нь компанид санхүүгийн томоохон асуудал үүсгэсэн байна. Боинг компани энэ оны хоёрдугаар улиралд 1.44 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.


Түүнчлэн сүүлийн хэдэн долоо хоногт Боинг компанийн Starliner сансрын хөлөгтэй холбоотой асуудлуудын талаар хэвлэлүүд мэдээлж байна. Олон улсын сансрын станц руу сансрын нисгэгчдийг хүргэж, найман өдрийн аялал хийхээр төлөвлөж байсан уг хөлөгт техникийн асуудал үүссэний улмаас сансрын нисгэгчид одоо хэдэн сарын турш сансарт байхаас аргагүйд хүрчээ.

 



Холбоотой мэдээ