Паралимп-2024: Спортод дөт зам гэж үгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.tuul@montsame.gov.mn
2024-09-09 09:52:23

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Францын нийслэл Парис хотноо зохиогдсон зуны XVII Паралимп өчигдөр хөшгөө хаалаа.  Хүсэл мөрөөдлийнхөө төлөө Парисын тэнгэр дор цугларсан 180 орны тамирчид 12 хоногийн турш 549 багц медалийн төлөө хүч чадал, хичээл зүтгэлээ дайчлан өрсөлдөв. Ялалт ялагдлын буухиаг үргэлжлүүлсэн энэ удаагийн наадам “Спортод дөт зам гэж үгүй” болохыг бидэнд дахинтаа сануулав.


Паралимп гэх үгийн учир

Үнэндээ бүх юмны учир нэрэндээ оршдог. "Паралимп" гэдэг нь Грекийн "пара" буюу хажууд, дэргэд гэсэн угтвар болон "Олимп" гэсэн үгний нийлбэр юм. Үүний цаад санаа нь Паралимп бол Олимптой зэрэгцэн оршдог наадам бөгөөд хоёр хөдөлгөөн нэг хэмд буйг илтгэж байгаа хэрэг юм.


Орчин үеийн Олимп нь 1896 онд Грекийн Афин хотноо болсон анхдугаар наадмаас эхтэй. Орчин үеийн гэдэг нь, Эртний Грекийн үед буюу МЭӨ 776 оноос МЭ 393 онд 292 удаагийн Олимпын наадам зохиогдож байв. Ромын эзэн хаан I Теодосиус Флавиус тус наадмыг харийн шашны үзэл шингэсэн хэмээн үзэж, 293 дахь олимпиадыг цуцалсан аж. Өнөөгийн бидний сэргээн зохион байгуулж буй Олимп нь эв нэгдэл, энх тайвны бэлгэ тэмдэг болон 4 жил тутамд зохиогдох болсон юм. Хүн төрөлхтөн 1924 оноос өвлийн Олимпын наадмыг, 1960 оноос Паралимпын наадмыг, 1976 оноос Паралимпын өвлийн наадмыг тус тус зохион байгуулах болов.


Паралимпын наадмыг доктор Людвиг Гуттманн эхлүүлсэн гэгддэг. Тэрбээр 1944 онд Их Британийн Сток Мандевилл эмнэлэгт нуруу нугасны гэмтлийн төвийг нээж, нөхөн сэргээх эмчилгээг хөгжүүлэх замаар өвчтнүүдийг спортын төрлүүдээр хичээллүүлэх болсон байна. Үүнээс дөрвөн жилийн дараа буюу 1948 оны Лондонгийн Олимпын наадмын нээлтийн ёслолын өдөр доктор Гуттман тэргэнцэртэй тамирчдын дунд анхны тэмцээнийг зохион байгуулсан нь Сток Мандевиллийн наадам хэмээн нэрлэгджээ. Уг наадам нь 1960 онд Италийн Ром хотод зохиогдох үеэс Паралимпын наадам гэх шинэ нэршлээ олвой.

                                 Таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн К-44 ангилалд алтан медаль хүртсэн У.Сүрэнжав 


Хоёр Олимп зэрэгцэн орших нь

Сөүл нь 1988 оны зун хоёр наадмыг зохион байгуулсан анхны хот болов. Өөрөөр хэлбэл, солонгосчууд нэг сумаар хоёр туулай буудчихав. Үүнээс нэг их удалгүй Олон улсын олимпын хороо, Олон улсын паралимпын хороо "Нэг санал, нэг хот" гэрээнд гарын үсэг зурав. Уг гэрээ нь 2008 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж, хүлээн авагч хот хоёр наадмыг зохион байгуулахдаа олимпын тосгон, нийтийн хоол, эмнэлгийн үйлчилгээ зэрэг ижил төстэй дэд бүтэц, байгууламжуудыг санал болгодог болов. Паралимпын наадам нь Олимпын наадмын дараагаар болдог. Энэ удаагийн Паралимп Олимпоос 17 хоногийн зайтай зохиогдов. Зохион байгуулагчдын хувьд нэг удаадаа амсхийж, тэр хооронд тамирчдыг хүлээн авах, хаяг шошгоо солих, нээлт хаалтын ёслолд зэхэх, дараагийн тэмцээнд бэлдэх хугацааг өөрсдөдөө гаргав.


“Паралимп-2024” наадамд дэлхийн өнцөг булан бүрээс 4400 тамирчин ганцаарчилсан болон багийн спортын 22 төрлөөр өрсөлдөв. Ром хотод болсон анхдугаар наадамд 23 орны 400 тамирчин оролцож байсан гэвэл тус наадмын өрсөлдөөн ямархан түвшинд хүрсэн нь төвөггүй ойлгогдоно.


Пара тамирчид дандаа медаль авдаг байсангүй. Оролцогчид цом, диплом өвөртлөн буцдаг байсан цаг бий. Тамирчдад медаль олгох тухай асуудал 1948 оноос яригдаж, Олон улсын олимпын хороо, Олон улсын паралимпын хороо хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хоёр наадмын медалийг ижил материалаар, ижил загвараар хийх болжээ. Энэ удаагийн наадмын ялагчид бүгд ижил медаль зүүх ч парагийн тамирчдынх брайль үсэгтэй бүтээгдсэн юм.


Паралимпыг Франц улс түүхэндээ анх удаа зохион байгууллаа. Хүлээн авагч орны хувьд зөвхөн оролцогчдод бус үзэгч, хөгжөөн дэмжигчдэд аль болох хүртээмжтэй байхаар наадмын нээлт, хаалтыг зохион байгуулсан нь олон улсын хэвлэл мэдээллийнхний анхаарлын гадна үлдсэнгүй. Мөн наадмын хөтөлбөрт багтсан 22 спорт тус бүрийг шууд дамжуулсан анхны наадам болж түүхэнд үлдэв.


“Парис-2024” Паралимпын наадмаас эх орондоо анхны мөнгөн медалийг авчирсан

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ

Паралимпын хөгжил ба хувьсал

Паралимп хөгжих болсон нэг хүчин зүйл нь Дэлхийн II дайн гэхэд болно. Дайнаас олон арван хүн суунга болж хоцорсон тул Паралимпын анхны наадам тэргэнцэртэй тамирчдын дунд зохиогдож байжээ. 1976 оноос тус наадмын албан ёсны хөтөлбөрт бусад хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг оролцуулахаар нэмж тусгасан нь бодит амьдрал дээр тусгалаа олсон байна. Энэ нь хүн бүр ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхагдалгүй спортоор хичээллэх боломжоор хангагдсан байх ёстой гэсэн Олимпийн хөдөлгөөний үзэл санаатай яв цав нийцэж байгаа хэрэг юм.


Паралимпын наадам түүхийн цаг хугацаанд улам бүр шинэчлэгдсээр буй. Тамирчдын оролцоог хангах үүднээс шинэ төрлүүдийг нэмж байгаатай адил спортод гаргах амжилтыг бууруулахгүй байх, шударга оролцоо бүрдүүлэх үүднээс спорт бүрд тохирсон дүрмийг бий болгож иржээ. Тухайлбал, Пара жүдогоор зөвхөн харааны бэрхшээлтэй иргэд хичээллэдэг бол усанд сэлэлт нь бүгдэд нээлттэй төрөл юм. Пара таеквондогийн тэмцээнд дээд мөчний хөгжлийн бэрхшээлтэй тамирчид оролцдог. Тэргэнцэртэй газрын теннисний төрөлд бөмбөгийг өөрийн талд хоёр ойлгож болдог зохицуулалтыг тусгажээ. Хөнгөн атлетикийн T12 ангилалд өрсөлдөж буй тамирчин хөтөчтэй болон хөтөчгүйгээр гүйхийг зөвшөөрдөг. Лондон-2012 наадмаас хойш хөтөч болон нисгэгчдэд мөн ялгаагүй медаль олгодог болсон байна.


“Агитос” хэмээх гурван долгиост бэлгэ тэмдэг бүхий Паралимпт Олимпын наадамтай адил дүрвэгсдийн баг оролцдог. Энэ удаагийн наадамд 10 тамирчин оролцов. Энэ бүхнээс харахад, хөгжлийн бэрхшээлтэй тамирчид л зөвхөн Паралимпт оролцох ёстой юу гэсэн асуудал хөндөгдөнө. Тэгэхдээ хоёр наадамд хоёуланд нь оролцсон тамирчин хэд хэдэн удаа гарч, наадмын түүхийн хуудсыг зузаатгажээ.


Хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангиллын мөнгөн медальт,

Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Баттулга

Паралимп ба Монгол тамирчдын амжилт

Манай тамирчид анх 2000 онд зуны Паралимпын наадамд оролцсон, түүнээс хойш зуны паралимпын наадам болгонд оролцож буй. Тамирчдын амжилтаас дурдвал,

1. Д.Баатаржав Бээжин-2008 Байт харваа-Алт

 2. Б.Ууганхүү Рио де Жанейро-2016 Жүдо-Хүрэл

3. Э.Содномпилжээ Рио де Жанейро-2016 Пуэрлифтинг-Хүрэл

4.Э.Содномпилжээ Токио-2020 Пауэрлифтинг-Алт

5. У.Сүрэнжав Парис-2024 Таеквондо-Алт

6. Г.Болор-Эрдэнэ Парис-2024 Таеквондо-Мөнгө

7. Ц.Баттулга Парис-2024 Бөөрөнцөг шидэлт-Мөнгө

8. Э.Содномпилжээ Парис-2024 Пауэрлифтинг-Мөнгө медаль хүртээд буй. Өөрөөр хэлбэл, монголууд Паралимпаас гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл нийт 8 медалийн эзэд болоод байна.


Бээжин хотноо зохиогдсон 2008 оны наадмын дараагаас төр засаг пара спортыг ихээхэн дэмжиж ирсэн, одоо ч дэмжлэгээ бууруулаагүй. БТСУХ цөөн хэдэн пара тамирчнаа бүрэн санхүүжүүлж, Үндэсний паралимпын хороотойгоо нягт хамтран ажилласаар ирсэн нь өнөөгийн амжилтад хүргэсэн гэхэд болно. Энэхүү дэмжлэг нь пара спортоор хичээллэх хүүхэд залуусын сонирхлыг нийгэмд төрүүлэх болсон. Гэсэн хэдий ч пара спортын шүүгч ердөө хоёрхон байгаа нь анхаарал татсан асуудал юм. Б.Цагаанбаатар Токио-2020 наадамд триатлоны төрөлд Монголоос оролцсон анхны шүүгч болж байв. Тэрбээр Дэлхийн АШТ, Азийн АШТ-ийн пара триатлоны 3 удаагийн тэмцээнийг шүүсэн туршлагатай. Сая Монголоос хоёр дахь Паралимпын шүүгч тодорсон нь жүдогийн Т.Энхцэцэг юм.


                   Паралимпын алт, мөнгө, хүрэл медальт Монголын анхны Пуэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ


Парис хотноо зохиогдсон энэ удаагийн наадмыг нийт медалийн тоогоороо БНХАУ, Их Британи, АНУ тэргүүлэв. Манай улсаас оролцсон 12 тамирчин дөрвөн медальтай эх орондоо ирж байгаа нь үнэлэгдэхүйц амжилт юм. Дөрвөн жилийн хугацаанд шантарсан, эргэж буцсан, гэвч байдгаараа хичээсэн хичээл зүтгэл бүхнээ тамирчид маань үнэлүүлж чадлаа.

Гэрэл зургийг БТСУХ

 

 

 

Холбоотой мэдээ