Г.Аким: Орчуулгын онолын анхны бүтээлийг монголчууд туурвисан гэж би бардам хэлдэг
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлд Монголын орчуулагчдын анхдугаар нэгдсэн чуулганыг 2024 оны 9-р сарын 30-нд Төрийн Ордонд зохион байгуулна. Тус чуулганыг угтаж Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Б.Ринчений нэрэмжит шагналт, нэрт дуун хөрвүүлэгч, сэтгүүлч Хатагин овогт Готовын Акимтай ярилцсаныг толилуулж байна.
-Таны нэр Монголд маш ховор. Аким
гэдэг нэр ямар учиртай нэр вэ?
-Би Халх голын дайны үед төрсөн хүн.
Намайг Даагий гээд бага эмч эх барьж
авсан юм. Тэр хүн өгсөн гэнэ билээ. Яагаад Аким гэдэг нэр өгснийг нь асуух гээд
тэр хүнтэй зөрөлдсөөр байгаад мэдэж чадалгүй хоцорсон. Ер нь Аким, Яким гэдэг бол Библиэс орос хэл рүү
орж ирсэн нэр. Соёрхох, ивээх, тэтгэх дэмжих гэсэн утгатай үг.
Би танай МОНЦАМЭ-гийн “Ил товчоо” сонинд ажиллаж байхдаа жаахан эсэргүү юм бичихээрээ нэрээ “Соёрхол” гээд тавьчихдаг байлаа. Нууц нэр минь юм.
-Аав тань хайрласан нэр болов уу гэж бодсон юм. Мэдээж аавыгаа дурсах сайхан. Ааваасаа ямар зан чанарыг нь та өвлөсөн гэж үздэг вэ?
-Манай аав Бяруутын бага сургууль
төгсөөд багш болсон хүн. Өнөөгийн Дорнод аймгийн Баян-Уул суманд хоёр, гурван
жил багшилж байгаад буцаж нутагтаа ирсэн
хүн. Тэр үед сургуульд хүүхдээ өгөх хүн ховор, айлуудаар явж хүүхдээ сургуульд
өгөөч, сургаж өгье гэж явсан 1940-өөд оны эхэн үеийн багш нарын нэг юм.
Аав маань намайг 2-р ангид байхад “Чук,
Гек хоёр” гэж ном өгөөд уншуулж байлаа. Тав байна уу, 4 дүгээр ангид Сталины
боть гэж товгор хүрэн хавтастай ном унш гэв. Би нэг уншлаа, хоёр уншлаа. Дахиад
унш гэж байна. Гурав уншлаа, ойлгодоггүй ээ. Большевик нам л гэнэ. Аав аа, би
ойлгохгүй байна гэлээ. Тэгсэн дахиад нэг уншчих гэж байна. Би сүүлд ойлгох нь
ээ, аав маань ном унших дадал суулгах
гэж байсан юм билээ. Одоо бол би ном уншихдаа үгчлэн уншихгүй шүү дээ. Нэг
хараад л тэр дотроос нь өөрт хэрэгтэйгээ
олоод авчихдаг дадалтай болсон. Энэ бол аавын минь ач юм.
- Та тэгэхээр ном их
уншдаг хүүхэд байжээ дээ. Хүүхэд байхдаа уншиж байсан номоо том болоод уншихад
бас л өөр мэдрэмж төрдөг, тийм ээ?
- Тэгэлгүй яах вэ, хүүхэд байхад үйл
явдлыг нь хөөж уншина. Одоо бол гүн ухааныг нь хайна шүү дээ. Тэр цаана далд юу
хэлсэн байна вэ, ёгт үгээр юуг хэлсэн байна вэ гээд л. Ёгт гэдэг маань нь
ёгтлохын нэр биш далд утгаар хэлэхийг л хэлдэг. Энэ бүхнийг ойлгох гэж одоо бол
оролдоно шүү дээ.
-Хүмүүсийг яаж номд дуртай болгох вэ?
- Нэгэнт уншилгүй өдий хүрсэн
залуучуудыг уншуулна гэдэг хэцүү. Гэхдээ хүүхдийг номд дуртай болгоё гэвэл
багаас нь, 1, 2-р ангиас нь эхлэх хэрэгтэй. Энэ бол багш нар, эцэг эхийн үүрэг
юм. Намайг 2-р ангид байхад “Чук, Гек 2 “ ном авч өгч байлаа. Дараа нь С.Надмидын “Зоригт
жуулчид” гээд номтой болсон. Байгальтай танилцах аяллаар явж байгаад төөрсөн
хүүхдүүдийн тухай юм. Тэр ном, магадгүй,
одоо миний уул, ус гээд бэдрээд явж байгаагийн эхийг тавьсан байх. С.Надмид
гуайгаа би танихгүй. Монголын Зохиолчдын Эвлэлийн жижүүр гээд туранхай өндөр өвгөн
сууж байдаг, би хажуугаар нь орж гараад л яваад байлаа. Сүүлд мэдэх нь ээ, миний хамгийн
хайртай номын зохиолч байсан байна билээ. Тэр хүнд баярласнаа хэлж амжилгүй явуулчихсандаа
одоо хүртэл харамсаж явдаг юм.
-Амьдралд нөлөөлж хүний зам мөрийг засаж
явдаг хүмүүс бол яах аргагүй аав, ээж бас багш байдаг. Та Бямбын Ринчен гуайг
багшаа гэж хүндэлж явдаг. Гэтэл тэр их хүнтэй та хоёрхон удаа л утсаар ярилцсан
байдаг гэхээр багш, шавийн барилдлага гэдгийг та маш өвөрмөцөөр ухаардаг хүн
болтой...
-Намайг 8 дугаар ангид байхад М.А.Шолоховын
“Хүний хувь заяа” өгүүллэг ”Үнэн” сонинд гарсан юм. Орчуулгынх нь хувьд, тэр
хүний бүтээлийг анх уншиж байгаа минь энэ юм. Түүнээс өмнө 6-7 дугаар ангид
байхдаа “Үүрийн туяа” романыг нь уншсан. Тэгээд л дараагийнх бүтээлийг хүлээдэг
байлаа. Тэгж л Ри багштай, түүний бүтээлтэй анх танилцаж, бишрэх, шүтэх сэтгэл
төрсөн. Одоо ч шүтсээр явна.
Нобелийн шагналт Францын зохиолч Анатоль Франсын бүтээл “Боги жаждут”-ыг орчуулж суухдаа 2 үгийг яагаад ч хөрвүүлж чаддаггүй. Түүнийгээ асуух гэж зориг гарган Б.Ринчен гуайтай утсаар холбогдлоо. “Танаас хоёр үг асуух гээд” гэж хэлтэл би толь үзээдэхье гэж байна. Нэр ч асуусангүй. Тэгснээ Ловон гэдэг үгтэй арай дөхүү очих юм байна гээд л тайлбарлаад эхэллээ. Ярих тусмаа түүний дуу нь намсаад би чихэндээ утсаа улам наагаад л сонсож байв.
Тэр хүний нэг гайхалтай чанар бол хэзээ ч нугараагүй. Үзэл суртлын лантуугаар хэчнээн ч балбав даа, бууж өгөөгүй, уучлал гуйгаагүй. Тэр чигээрээ явсаар байгаад тэнгэрт хальсан шүү дээ. Тэр шударга, нугаршгүй зан нь миний сэтгэлд одоо болтол харагддаг. Би ч гэсэн тийм л байх юм сан гэж хичээдэг дээ.
- Та сүүлийн үед хадны зураг судалж
байгаа. Хадан зургийн юу нь таныг тэгтлээ их татаад байна вэ?
-Би эхлээд уул руу явсан хүн. Монголын
тахилгат уул, домогт уулын тухай гаргаж бичвэл манай залуучууд эх нутгаа
хайрлах сэтгэлтэй болж магадгүй гэж санаад. Яагаад тахиж байсан юм бэ гэхээр
тахиснаар уулаа хайрлах сэтгэлийг хүмүүст суулгаж байсан юм. Мод, цэцэг,
навчийг нь хугалж хөндөж болохгүй гэж сургаж байснаараа хүмүүст эх оронч
хүмүүжлийг олгож байсан гэж би дотроо боддог юм. Тиймээс л домогтой нь, үлгэртэй
нь, уулынх нь сантай нь түмэндээ хүргэе гэж хоёр ном бичсэн. Гэтэл ууланд хадны
зураг байсан. Тэгээд л түүнийг сонирхож эхэлсэн. Үзээд байхад хадан дээр аж
байдлын, хүн тайлж чадахааргүй, магадгүй сансар огторгуйтай холбоотой байж
мэдэх олон зураг байсан. Тэгээд хадны зургаар нэлээн хөөцөлдөж дөрөв таван ч
ном гаргалаа.
- Манай хадан зургууд бусад улсынхаас ямар
ялгаатай вэ?
-Хадны зураг ер нь манайд л байгаа шүү
дээ. Казакстан, Уралд бага сага бий. Европт Францын Алтамерийн агуйд алганы зосон
зураг бий. Одоогоор, миний судалж олж мэдсэн нь эдгээр л байна. Манайд гэтэл
алганы зосон зураг Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг дахь агуйд хэдэн арваараа байна.
Хадны зургийн насыг хадны өнгөрөөр
тогтоож байгаа. Хуучин чулуун зэвсгийн үеийн зураг гэхэд бараг балрах шахсан
байхад харьцангуй сүүл үеийн Түрэгийн үеийн зургууд маш тод байдаг. Хамгийн
эртнийх нь говьд байгаа.
-Хадан дээрх дүрслэл бүхэн мэдээж ямар
нэгэн зүйлийг илэрхийлж байгаа. Хамгийн сонин ямар ямар дүрслэл байна вэ?
- Хүний гар гэдэг чинь бидний багаж шүү
дээ. Гаргүйгээр хөдлөхийн арга байхгүй. Тиймээс зориуд алганыхаа зургийг
үлдээсэн болов уу. Би эх орныхоо нэлээн газраар явжээ. Хадны зураг говьд бараг
хад болгон дээр бий. Алтайд ч гэсэн олон байна. Хадны зургийг хадны зурагтай
орнууд л судалж байна.
Дундговийн Дэл уул гэж бий. Тэр уул бол тэр
чигээрээ хадны зурагтай. Дан аж байдлын зураг зонхилно. Гэтэл Говь-Алтайн Баян
суманд байх Ловонгийн нуруунд ганц эвэртэй буга, янгир гэхчлэн их сонин
зурагнууд бий. Ганц эвэртэй янгирын зураг өөр хаанаас ч олдоогүй. Гэтэл ганц
эвэртэй янгир манайд байж шүү дээ. Говь-Алтайн
Тонхил суманд байдаг найз маань манай тэнд ганц эвэртэй янгир байна гэж
дуулгасан тул би тийшээ явах санаатай байгаа.
-Хадны зургийг тэнгэрийн
хүүхдийн тоглоом гэж нэрлэсэн нь ямар учиртай вэ?
-Манайхан чинь яадаг сүг вэ гэж харааж байдаг шүү дээ. Өвөг дээдсийнхээ үлдээсэн ийм сайхан зүйлийг сүг гэж нэрлэж болохгүй л дээ.
Баянхонгор аймагт Баянцагааны нурууны зүүн үзүүрт нэг айлд очлоо. Тэнд байсан буган хөшөөний зургийг авчаад байж байтал тэр айлын эзэгтэй та ямар хэргээр явж байна гэлээ. Хадны зураг аваад гэтэл, үүнийг чинь манай өвөг дээдэс тэнгэрийн хүүхдийн наадгай гэж нэрлээд ойртуулдаггүй байсан гэж хэллээ. Тэгээд би тэнгэрийн хүүхдийн наадгай гэдэг нэрийг тэндээс авч номоо нэрлэсэн юм. Жишээ нь, Архангайн Чулуутын голд нэг пуужин буга мөргөөд унагаж байгаа зураг байна.
- Та “Зуун жилийн ганцаардал”-ыг яруу
сайхан орчуулснаараа Колумбын алдарт зохиолч Г.Маркесыг монголчуудад таниулсан.
Яагаад энэ зохиолыг сонгож орчуулахаар болов, орчуулахад хэцүү байв уу?
-Би өмнө нь энэ зохиолыг уншчихсан байсан. Миний багш Г.Амар гэж алдартай орчуулагч байлаа. Тэр үед Зөвлөлтийн зохиолчдын хорооноос орчуулж болно гэсэн зохиолуудын нэр ирдэг байв. Тухайн үеийн манай улсын соёлын яамны нэгдсэн редакцад ахлах редактороор ажиллаж байсан Амар багш надад итгээд орчуул гэж өгсөн. Орчуулахад хэцүү байсан. Олон ч Буэндиа гарч байгаа юм. Хооронд нь төөрчхөөд энэ чинь ямар Буэндиа нь билээ гэж эхнээс нь хайж, хөөж олох гэхчлэн янз бүрийн л хүндрэл байв.
Тэгээд манай сэтгэлгээний маягаас шал өөр Латин Америк сэтгэлгээний зохиол шүү дээ. Тэгэхээр манай ахуй байдлаас шал ондоо, тийм л зохиолыг монгол уншигчдадаа цаад мөн чанарыг нь алдагдуулахгүйгээр танилцуулах зорилго надад тулгарсан. Орчуулсан, чухам чадсан эсэхийг би одоо ч хэлж чадахгүй.
Уншигчид хүлээж авсан. Манай Баабар нэг удаа
намайг айхтар магтсан юм. “Зуун жилийн ганцаардал”-ыг би 4-5 уншсан. Г.Акимын
орчуулгаар л ойлгосон гэж хэлсэн дээ.
Тэр үнэлэлт л надад хамгийн том үнэлгээ. Баабар гэдэг том сэхээтнийг
ойлгохоор орчуулсан бол болоо шүү дээ.
-Хэр хугацаанд орчуулж байв?
-Зургаан сар. Би ”Зуун жилийн ганцаардал”, “Цаазын тавцан” хоёрыг зэрэг орчуулсан юм. Хоёуланг нь 6 сард багтаасан. Яаж багтаасан бэ гэхээр тэр үед Зохиолчдын эвлэлийн гишүүдэд нэг сарын цалинтай чөлөө олгодог байлаа. Би Сэлбийн амралтад суугаад “Зуун жилийн ганцаардал”-ыг, Сонгинын амралтад очиж “Цаазын тавцан”-гаа хийх маягаар солбиулж хийгээд дуусгасан даа. Шөнө орой суухад ядардаггүй, бас онгодтой ч байж, залуу ч байж дээ. Нэг суухаараа номдоо автаад, шунаад хийчихдэг байжээ. Та чинь машин юм уу хаашаа юм гэж улсууд гайхдаг байв.
ҮГ СОНДГОЙРУУЛАХГҮЙ БАЙХ ЗАРЧМЫГ РИ БАГШ ЁСТОЙ ОРОЙ РУУ ОРТОЛ БИЧСЭН
- Та мөн Лев Гумилевийн “Хар домог”-ийг орчуулсан. Зохиогч нь эх орондоо хэвлүүлж чадаагүй номыг та монгол хэлээр орчуулж гаргасан гэдэг байх аа...
- Бас л түүхтэй л дээ. Дорнод аймгийн Чойбалсан сумын зохиолч Бямбаа гэж хүн бий. Тэр Зөвлөлтөд
элчинд ажилтнаар сууж байсан юм. Манай элчингийнхэн Л.Гумилевийг урьж лекц
уншуулжээ. Л.Гумилев “Хар домог”-оо Бямбаад гар бичмэлээр нь өгөөд үүнийг
орчуул гэж л дээ. Түүнийг нь Бямбаа чи л
орчуул гээд надад явуулжээ. Тэгтэл Б.Ринчен гуайн охин Индра гуайд бас нэг эх
нь иржээ. Ингээд хоёр эхтэй болоод тэгээд л орчуулсан даа.
- Монголын эзэнт гүрний түүхийн
сурвалжийн гол бүтээлийн нэг нь Рашид Ад-Диний “Шасдирын чуулган". Монголын түүхийн өргөн мэдлэгтэй Болд чинсан зэрэг олон
үндэстний түүхч оролцон бичсэн уг зохиол нь дэлхийн түүхийг бичих анхны
том оролдлого байсан гэж тооцогддог. Монгол хэлээр орчуулагдсан байсан энэ
номыг та дахин орчуулсны учир юу вэ?
- Түүнийг орос хэлнээс Ц.Сүрэнхорлоо
гуай эхлээд орчуулсан шүү дээ. Оросын урдаа барьдаг орчуулагчид перс хэлнээс
буулгасан байсан л даа. Би нутгийнхаа тухай ном бичих гээд тэнд Хатгины тухай
юу байна вэ гэж харсан юм. Олигтой юм олдоогүй. Тэгэхээр нь орос эхийг нь барьж
аваад бас болдоггүй, ойлгогдохгүй зүйлс их байсан. Монгол үгийг энэ перс үг,
түрэг үг байх гээд л хаячихсан байх жишээний. Сүүлд Америкийн орчуулагч Тажикистаны англи
хэл дээрх орчуулгыг нь олж хартал их сайн орчуулга
байсан. Харин англи орчуулга нь бүх л үгийг тайлбарласан маш сайн орчуулга
байлаа. Тэгээд би англиас нь орчуулъя, перс
хэлнээс нь буулгах хүн гарна биз гээд л орчуулсан даа.
-Судрын чуулган гэж орчуулагдсан байсныг
та “Шастирын чуулган” гэж хөрвүүлсэн нь ямар учиртай юм бол?
-Яагаад тэгсэн бэ гэхээр, бурхны шашинд Тарнийн
ном болон Судрын ном гэж хоёр урсгал бий. Судрын ном гэдэг нь гүн бясалгалын
ном, Тарнийн ном гэдэг нь гүн увдисын ном юм. “Судрын чуулган” гэж нэрлэчих
гэхээр тэр номд ямар ч бясалгалын тухай зүйл байхгүй. Харин манай хаадын
намтрыг өгүүлээд байдаг. Шасдир гэдэг нь түүх юм. Уул нь түүхийн чуулган гэж
болох байсан ч доор нь монголчуудын түүх оршвой гэж байдаг. Тиймээс л шасдирын
гэдэг үгийг сонгон “Шасдирын чуулган” гэж буулгасан л даа.
-Та англи, орос хоёр хэлээс тулгаж
байгаад буулгасан юм байна шүү дээ. Зөрүүтэй зүйлс байсан уу?
- Ер нь зөрөөтэй зүйлс гарсан. Англиар нь ойлгоогүй зүйл гарахаар нь оросоос нь хардаг байв. Тэгээд англиас буулгахаар ийм байна, оросоос буулгахаар ийм байна гэж бүх зөрөөтэй зүйлийг тайлбар болгон оруулсан л даа. Ер нь эрдэм шинжилгээний орчуулга гэж ийм л зүйл байх ёстой гэсэн төсөөллөө бариад л хийчихсэн.
- Хуучны орчуулгын сайн зохиолууд
биднийг ном унших дуртай болгоход нөлөөлж байжээ. Харин өнөө цагийн орчуулгын
зохиолууд ямар байна гэж та үзэж байна вэ. Тухайлбал, “Морь унасан толгойгүй хүн”-ийг дахин орчуулжээ.
Гэтэл өмнөх нийгмийн үед гарсан орчуулгаа гүйцэхгүй байна гэж хүмүүс шүүмжилж
байна шүү дээ?
- Манай
орчуулагч залуучууд гадаад хэлийг гарамгай сурчээ. Носитель языка гэж хэлдэг
дээ. Харь хэлээр тухайн нутгийн хүнтэй дүйхээр цэвэр ярьж байна. Энэ
ямар учиртай вэ гэхээр монгол хэлний авианы зүйд байгаа юм. Монгол хэлний
авианд дэлхийн бүх хэлний авиа бий. Тиймээс маш цэвэр яриад байгаа юм. Жишээ нь,
хятад, япон хэлэнд “р” авиа байхгүй. Гэтэл манай хэлэнд байна. Тийм учраас
монголчууд гадаад хэлийг маш сайн сурдаг. Яг бичгийн орчуулга, аман орчуулга
хоёр арай ондоо. Манай залуус гадаад хэлийг гарамгай сурсан мөртөө эх хэлээ
сайн мэдэхгүй байна.
Монгол хэлний найруулах ёс гэж байна. Түүнийг мэдэхгүйгээс шууд эхийг нь дагаад л хийчхэж байна. Тэгэхээр түг таг гээд мөөртэй тэргээр явж байгаа мэт найруулгатай болчхоод байна. Тиймээс манай залуус монгол хэлний найруулах ёс, үг бүтээж өгүүлбэр болгох ёсыг маш сайн сурах хэрэгтэй.
Нэг удаа “Ри” багшийн “Мөнгөн ноён” орчуулгыг оростой нь тулгаж суулаа. Нэг өгүүлбэр таарлаа. Түүнийг би яагаад ч тэгж орчуулж чадахгүй юм. Нөгөө өгүүлбэрээ хуулж аваад орчуулагч Чойжил ах дээрээ очоод үүнийг орчуулаад өг гэлээ. Нөгөөдхөө сонжиж байгаа хэрэг л дээ. Мань хүн дор нь л орчууллаа. Тэгэхэд 2, 3-хан л үг зөрсөн.
Найруулга нь яг адилхан байсан. Тэгэхэд би монгол хэлний найруулах
ёс гэж байдгийг бүр сайн ойлгож авсан.
Энэ найруулах ёсыг орчуулагч гэлтгүй
зохиолчид ч гэсэн сайн судлах хэрэгтэй юм. Үүнийг Ри багшийн монгол бичгийн
хэлний зүйн 4 дүгээр дэвтрээс олж уншиж болно. Тэнд үг найруулж, өгүүлбэр болгох бүх ёсыг бичсэн
байгаа. Тухайлбал, монгол хэл тэгш хэмийн зарчимтай. Өөрөөр хэлбэл, үг сондгойруулахгүй зарчмыг
баримталдаг. Энэ талаар Ри багш орой руу ортол бичсэн. Манай залуучууд, бичгийн
хүмүүс мэдэхгүй анзаарахгүй байгаа юм. Тэр номыг л гартаа оруулж ой тойндоо
хийчихвэл зөв найруулж чадна л даа.
Орчуулгын бүтээлүүдийнхээ алийг нь
хамгийн сайн болсон гэж үздэг вэ?
- “Аранзал дарвуулт хөлөг” гэж номын орчуулга бий. Гуравхан хэвлэлийн хуудас, тэр номыг би 3 жил нухсан юм. Түүнийгээ л уран зохиолын орчуулга болсон гэж боддог. Бичлэгийн хувьд, “Тэнгэрийн нохой” сайн болсон юм уу даа. Зургаа дахиа хэвлэгдсэн ч одоо гадуур байхгүй. Өвөрмонголд монгол бичгээр хулгайгаар хэвлээд, үүрч яваад айлуудаар зарчихсан гэсэн.
- Ер нь, ямар орчуулгыг сайн орчуулга
гэх вэ?
-Орчуулга бол онолтой. 1500-гаад оны үед Германы Мартин Лютер
гэдэг хүн латинаас герман луу орчуулах онолыг анх үүсгэсэн. Тэр үед тэнгэрийн
гэж хэлэх юм уу даа, тиймэрхүү үгэнд халдаж болохгүй гээд үгчилж орчуулдаг байжээ. Гэтэл Мартин Лютер
түүнийг Германы ард иргэдэд ойлгомжтой орчуулах онол гаргасан. Тэрнээс хойш 1741 онд Өвөрмонголын Жанжаа
хутагт Ролбидорж гэдэг хүний удирдлагаар Халхын 40 орчим гүүш цуглаж, “Мэргэд
гарахын орон” гэж бурхны шашны нэвтэрхий толь, тайлбар толийг зохиосон. Үүндээ
орчуулгын 21 зарчмыг гаргаж ирсэн. Лютерийн онол надад байвч эртний герман
хэлээр бичигдсэн учир би уншаагүй, манай герман хэлний орчуулагчид ч буулгаж
чадахгүй л байгаа юм.
Миний мэдэж байгаа орчуулгын онолын анхны бүтээл бол “Мэргэд гарахын орон”. Энэ орчуулгын 21 зарчим өнөөгийн орчуулгын зарчимтай яг таарна. Өнөөгийн орчуулгын онолыг өнгөрсөн зууны 20-иод онд Жуковский зэрэг Оросын зохиолч, эрдэмтэд гаргасан байдаг. Америкийн орчуулгын онол гэж бий ч, тэр нь хожим гарсан. Тэгэхээр манай улс анхдагч нь гэж би бардам хэлдэг. Тэр номд өгүүлж байгаа 21 зарчмыг би кирилл дээр буулгаж хэвлүүлсэн. Тайлбарлаж хэд хэдэн юм бичсэн.
Онол мэдэхгүй бол хээр талд хазааргүй морьтой давхиж явж байгаатай ижил юм. Тийм учраас манай залуу орчуулагчид орчуулгын онолыг сайн судлах хэрэгтэй. Би 1960-аад онд “Орчуулгын санг уудлахад” гэж нэг ном бичсэн.
- Монгол зохиолчдынхоо
бүтээлийг гадаад хэлээр гаргахад юу анхаарах хэрэгтэй вэ?
- Социализмын үед Монголын утга зохиолыг орчуулдаг Болгар,
Герман гээд социалист хэдэн орон байлаа. Одоо тийм юм алга. Өөрийгөө сурталчилъя
гэвэл төр засаг үүнд анхаарах л хэрэгтэй. Гэхдээ ямар зохиолыг гадаадынхан
унших бол гэдгийг маш сайн судлах хэрэгтэй. Англи луу орчуулахад англи хүн
бичсэн юм шиг, герман руу буулгахад герман хүн бичсэн шиг байж хүний сэтгэлд
хүрнэ. Манай “Ри” багшийн “Мөнгөн ноён”, “Тарас Бульба” хоёр үнэхээр гайхалтай орчуулга. Би тэр хоёрыг үг
үсэггүй тулгаж уншсан. Тэмдэглэл хийсэн. Орос хэлтэй хүмүүс энэ хоёрыг
тулгачихад монголоор ингэж найруулдаг юм байна, ийм үгийг ингэж орчуулахад их
сайхан таардаг юм байна гэсэн маш сайхан төсөөллийг авна. Тэр үеийн хэдэн
орчуулагчид бий. Шатар, Амар гуай гээд, гэхдээ “Ри” багшийг яаж гүйцэх вэ дээ.
Багш монгол хэлээр найруулах ёсоо их
сайн мэддэг, өөрийнх нь авьяас гэж байна. Зохиолч, яруу найрагч хүн шүү дээ.
Энэ бүхний цогцоор хийдэг байсан хүн учраас орчуулга нь сайн бололгүй яах вэ дээ. Бас Соёлын
яамны номын нэгдсэн редакц гэж байлаа. Тэнд Шүгэр, Амар багш, Самдан гээд
редакторууд байлаа.
- Та орчуулгаас сэтгүүл зүйн салбар руу
хэрхэн орж байв?
- Сэтгүүл зүй рүү орсон минь орчуулга,
бас” Ри” багштай минь холбоотой. Одоо миний бичиж байгаа юм бол голдуу аян
замын тэмдэглэл. Аян замын тэмдэглэл хүний танин мэдэхүйд их нэмэртэй. Бээжинд
очоод өндөр байшингууд байна гээд биччихвэл ямар ч хэрэг байхгүй. Гэтэл Хятадын
соёлын онцлогийг тэмдэглэлдээ шингээгээд өгвөл өгөөжтэй байх жишээний. Би тэгж
л бичихийг оролддог. Цамбагаравын тухай бичлээ гэхэд урнаар дүрсэлж болно.
Хажуугаар нь түүний тухай сонин сонин домгийг оруулна. Домог гэдэг их сонин.
Би нэгэнтээ, “Домогт үнэн бий, үнэн домогт бий” гэж бичсэн. Барууныхан домгийг домог гэж үзэхээ байчихлаа. Үнэн зүйлс явсаар байгаад домог болж байна гэж үзэж байна. Ухаан нь Зевс тэнгэр гээд ярьдаг. Тэднийг огторгуйгаас сансраас ирсэн хүмүүс гэж бичих болчихлоо.
Манай хадны зураг дунд скафандартай, сансрын хөлөгтэй зураг зөндөө байна. Архангайн Чулуутын голд нэг пуужин буга мөргөөд унагаж байгаа зураг байдаг.
Тэгээд би, “Тэнгэрээс залрагсдын мөрийг тэнгэрийн
хүүгийн наадгайгаар мөшгөх нь” гэж ном бичсэн. Би түүнийг өөрийнхөө санаанаас
бичиж байгаа юм биш, зураг нь байна. Гадаадын сансар, огторгуй судлаачдын бүтээл
байна. Тэр номоо бичихийн тулд би Оросын 10-аад, Англи, Америкийн 20-иод ном
уншиж, өөрийнхөө санааг дотор нь багтааж эвлүүлж бичсэн юм шүү дээ.
- Та нэг ярилцлагадаа хүн бичнээс
үүсээгүй, хромосомын тоо нь хүртэл зөрөөтэй гэж жишээ татсан. Та идеалист хүн
үү, материалист хүн үү?
- Би измүүдийг сайн мэдэхгүй юм. Гэхдээ идеалист байх нь хамаагүй дээр л дээ.
ЭХ ОРОН ГЭДЭГ ОЙЛГОЛТОД ЭХЛЭЛ ҮГҮЙ, ТӨГСГӨЛ ҮГҮЙ
-Та орчуулга хийж, ном бичиж, хадны
зураг судалсан байна. Та эрдэмтэн
судлаач, сэтгүүлч, орчуулагчийн хэн нь вэ?
- Би сэтгүүлч л хүн.
- Тэгвэл таны хувьд, сэтгүүлч гэж ямар
хүнийг хэлэх вэ?
- Ямар ч тохиолдолд яаж ч байсан
сэтгүүлч хүн мөнгөнд автаж болохгүй. Мөнгө өгсөн болгоны тухай бичвэл худлаа
бичиж таарна шүү дээ. Үнэнийг л бичих ёстой. Сэтгүүлч хүн бол нийгэмд байгаа
бузар булхайг ил гаргаж танилцуулдаг хүн. Тэр үүргээ мартвал сэтгүүлч биш юм.
- Та Монголын анхны чөлөөт хэвлэлийг
гаргаж байсан. “Ил товчоо” сонин маш олон уншигчтай сонин байлаа. Анх хэрхэн
байгуулж байв?
- Энэ сонин МОНЦАМЭ-тэй холбоотой. Тухайн
үед даргаар нь ажиллаж байсан С.Баяр намайг уриад дэлхийн мэдээ, сонин хачныг гаргадаг
“Зарубежом” сэтгүүлтэй адил сонин гаргахыг санал болгов. Би Монголын бүхий л
зүйлийг гаргадаг сонин хийе гээд гаргаж эхэлсэн. Тэр үед МОНЦАМЭ Радио, Телевизийн улсын
хорооноос салаагүй байсан үе. Намайг Монголын Радио, Телевиз, МОНЦАМЭ -гийн улсын хорооны сэтгүүл сонины нэгдсэн редакцийн
эрхлэгчээр томилсон. Түүнд “Хятад сонин”, “Новости Монголии”, “Ил товчоо” бүгд багтдаг байлаа. Тэгж л би МОНЦАМЭ-тай
нэр холбогдсон хүн. Хүнд хэцүү үед “Ил товчоо” сониноо гаргасан даа. С.Баярын
дараа захирал болсон Ч.Эрдэнэ гуай нэг өдөр намайг дуудаад Засгийн газраа
муулдаг сонин Засгийн газрын агентлагт байж болохгүй гэж Д.Бямбасүрэн дарга үүрэг өглөө гэхэд нь,
би сониноо тусад нь авч гарсан. Сониндоо Пүрэвдорж, Тунгалаг, Пушкин гээд дөрвүүлээ л ажилладаг байлаа.
-Нэр нь ямар учиртай байсан бэ?
-“Ил товчоо” гэдгийн товчоо нь “Монголын
нууц товчоо”-ны товчоо юм. “Ил” гэдгийг нь Ч.Эрдэнэ гуай өгсөн.
- Та одоо
ямар бүтээл орчуулж байна вэ?
- “Дэлхийг байлдан дагуулагчийн түүх”
гэж манайхан орчуулаад байгаа Ата Малик Жувейнигийн номыг “Даяныг дагуулагчийн
түүх“ гэж хөрвүүлээд эхний ботийг нь дуусгаад, хоёрдугаар ботийг нэлээн
явуулаад, бие жаахан тааруу болохоор дуусгаж амжихгүй л байна. Мөн Монголын
мэргэдийн сансар судлалтай холбоотой айлдсан айлдварууд, тэрүүгээр нэг ном
гаргачих санаатай сууна. “Тэнгэрээс залрагсдын мөрийг тэнгэрийн хүүгийн
наадгайгаар мөшгөх нь” номны минь үргэлжлэл л дээ.
Гурав дахь нь, “Монголын нууц товчоон”-д
нэр нь дурдагддаг 139 газраар би явсан байна. Номоо бол гаргачихсан. Маш олон
зураг авчээ. Зурагнуудаа оноож тавих гэдэг хамгийн хэцүү зүйл юм байна. Энэ
гурвыгаа хийчихвэл энэ насны хэрэг бүтнэ гэж санаад байж байна.
- Эх орноо хөндлөн гулд
туулсан хүний хувьд эх орноо хэрхэн хайрладаг вэ?
- Цэлмэг тэнгэр байна. Энэ сайхан онгон байгаль байна. Дагшинаараа байна. Эх орон юунаас эхэлдэг вэ гэж ярьцгаадаг. Эхлэл байгаа юм чинь төгсгөл байх ёстой. Тэгэхээр эхэлж байгаа юм чинь төгсөж таарах нь ээ дээ.
Тиймээс эх орон гэдэг ойлголт бол эхлэл үгүй төгсгөл үгүй, монгол хүн байгаа үед зүрх сэтгэлд нь мөнх байх ёстой ойлголт. Харин эх нутаг юунаас эхэлдэг вэ гэвэл өөр. Хилтэй, хязгаартай юм шүү дээ. Төрсөн бууцнаас эхэлж болно. Миний хувьд, тахилгат уулнаас эхэлдэг юм.
Ярилцсан Д.Цэнгэнжав
Гэрэл зургийг Б.Чадраабал