Аравдугаар ангийн нийгэм судлалын хичээлийн хөтөлбөрт авлигыг үл тэвчих агуулгыг оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-03 15:40:19

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Боловсролын сайд П.Наранбаяр Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга М.Даваатогтох, албаны дарга Ц.Шинэбаярыг хүлээн авч уулзан, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт авлигатай тэмцэх талаарх агуулгыг тусгах талаар ярилцав.


АТГ-аас Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэнтэй хамтран авлигатай тэмцэх, шударга байх ёс суртахууны тухай агуулгыг боловсруулж, орон нутаг, нийслэлийн 16 сургуульд туршилтын хөтөлбөр хэрэгжүүлжээ. Хөтөлбөрөө цаашид хэрэгжүүлэхэд үр дүнтэй гэж үзсэн тул улсын хэмжээнд ахлах ангийн сургалтын хөтөлбөрт оруулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж буйгаа М.Даваатогтох, Ц.Шинэбаяр нар илэрхийллээ.


Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхдүүдэд авлига, түүний хор уршгийг таниулахад чухал ач холбогдолтой уг ажлыг яам дэмжиж, хамтран ажиллах бүрэн боломжтойг сайд П.Наранбаяр онцлов. Иймд дээрх агуулгыг ерөнхий боловсролын сургуулийн 10-р ангийн Нийгэм судлалын хичээлийн хөтөлбөрт тусгаж, ээлжит хичээлийн гарын авлагыг сургуулиудад хүргүүлэхээр болов. Мөн сургалтын хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэлийн хүрээнд суурь боловсролын сурах бичгийн агуулгад оруулах шаардлагатайг Боловсролын яам мэдээлжээ. 


Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг 9 дүгээр зорилтын 9.3.1-т “Бүх түвшний сургалтын агуулга, хөтөлбөрт авлигыг үл тэвчих, ёс суртахууныг төлөвшүүлэх агуулга, сэдвийг олон улсын туршлага, үндэсний онцлогт нийцүүлэн тусгаж, дүн шинжилгээ хийж, үр нөлөөг үнэлнэ” хэмээн заасан байдаг аж.

Холбоотой мэдээ