ТӨВ: "Миний нутаг-2024" яруу найргийн наадмыг Н.Гантулга тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2024 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Цогт хунтайжийн Дуутын хадны бичээсийн 400 жилийн ойд зориулсан “Миний нутаг-2024” яруу найргийн наадмыг "Бүрэнгийн хөх тэнгэр" шүлгээр Н.Гантулга тэргүүлэв.
Тус наадамд 60 яруу найрагч шүлгээ илгээснээс хоёрдугаар шатанд 28 яруу найрагч шалгарч, аймгийн Монгол туургатан театрт 8 дугаар сарын 30-ны өдөр шилдгээ тодруулахаар өрсөлдсөн юм.
Эдгээр яруу найрагчдаас гуравдугаар шатанд 15 яруу найрагч шалгарсан бол сүүлийн шатанд 5 найрагч өрсөлдөж Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, Болор цомын эзэн яруу найрагч Н.Гантулга тэргүүлсэн байна. Наадмын дэд байрыг яруу найрагч Э.Гантулга эзэлсэн бол яруу найрагч Т.Батсуурь удаалж, тусгай байрт Ц.Гончиг, В.Нэргүй нар тус тус шалгарлаа.
Тэргүүн байрын шүлэг "Бүрэнгийн хөх тэнгэр"
Мяндсан
зэрэглээ шиг гүйлгэнэсэн Талын булагийн усанд
Мянган
жил өөрийгөө тольдон дотоод шаналлаа асгаж
Зовлон
үзээгүй нэгэн шиг гэнэхэн царайлан
Зорголын
ууланд багтарсан сэтгэлээ хөхний сүү шиг дусагнуулсан
Энэ
тэнгэр
Бүрэнгийн
хөх тэнгэр
Зуны
цэнгэлэгхэн орой адууны цагаан тоосонд будагдаж
Зуузай
амгай харшуулах хүлэг морьдын давхилд жирэлзэн долгиотож
Цас
будагнасан өглөө цэрэг мордоход хохилзсон салхиар нулимс унагаж
Цагийн
давааны өвөр рүү оршуулгын цуваа хөдлөхөд өр эмтрэн мэгшдэг
Нүүж
яваа үүлсийнх нь зүрхний ховдол нулимсаар дүүрэхэд
Нүднийхээ
аяганд гантиг болгон царцааж солирын цохилтыг хадгалсан
Газрын
татах хүч их тэсрэлтийн чимээ доргилон мэдрэгдэхэд биеэ хурааж
Ганхсан
тэнхлэгийнхээ нумраанд гэрлийн хугарлаа нуусан
Сая
жилийн хуйлралт оюун санааг нь хэрчихэд гэзэг үсээ сэгсрээгүй
Сансрын
хиймэл дагуул хэвлийг нь зүсэж унахад ёолж ялархаагүй
Сарваацуцахын
талд үрээ морь шиг агсагдсан ч амгалан мэлтийж
Сарны
гэгээгээр уулсын хярыг эмжээрлэн мөнгөн зоргодос шидлэх
Энэ
тэнгэр
Бүрэнгийн
хөх тэнгэр
Орог
саарал мананд тэмээний ноос хийсэхэд нойтон шивтрийг нь хивж
Олон хонгор ботго тэшүүлэн айсуйд хаврын бороогоор өлмийд нь сөгдөж
Хүний
нутгаас тамираа таслан гуйвж ирсэн ат үнсэн дээр хөрвөөхийг
Хүүхэд
шиг харан баярлаж цээжнийхээ тунгалагт хөлбөрөн далбилзсан
Аргалын
цог шиг улаан туяа магнайг нь төөнөхөд улирал солигдож
Адгуу
ертөнцийн уйлагнаан хаяаг нь сөхөхөд хучлага засаж
Амсхийх
чөлөөгүй цагийн шуурганд оддынхоо туяаг цалгилуулан залгилж
Аралт
зуунуудын буурал жигүүр дор найргийн шүншгээр оршсон бурхны мэлмий
Энэ
тэнгэр
Бүрэнгийн
хөх тэнгэр