ӨВӨРХАНГАЙ: Эрчим хүчний их засвар 60 хувийн гүйцэтгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-08-16 19:38:06

Арвайхээр, 2024 оны наймдугаар сарын 16 /МОНЦАМЭ/.  ЭБЦТС-ын Өвөрхангай аймаг дахь салбараас эрчим хүчний их засвар болон урсгал засварын ажлыг гүйцэтгэж байна. Ажлын явц 50-60 хувьтай үргэлжилж байна гэж мэдээллээ.


Арвайхээр сумын хувьд тулгамдсан асуудлын нэг нь цахилгаан, эрчим хүч юм. Иргэдийн дунд цахилгаан тасрах, хязгаарлалт хийхтэй холбоотой санал шүүмжлэл нэлээд өрнөдөг. Сүүлийн нэг сарын хугацаанд засвар болон өндөр хүчдэлийн кабель, дэд станцын гэмтлийн улмаас 5 удаа тог тасарчээ.




Дэлхийн банкны 8.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Арвайхээр суманд хэрэгжиж буй эрчим хүчний төслийн гүйцэтгэлийг “Ричвелл инженеринг” ХХК-иас гурван удаа сунгасан ч гүйцэтгэл бүрэн дуусаагүй байна. ЭБЦТС-ын Өвөрхангай аймаг дахь салбарын захирал Б.Дэмбэрэлсайхан: “Өнөөдрийн байдлаар 90.6 хувьтай хэрэгжсэн төслийн ажлыг манай компани гэрээгээр шилжүүлж авсан. Богино хугацаанд бүрэн гүйцэтгэж дуусгана” гэв. 


Төслийн хүрээнд орон сууцны 774 айл өрхийг ухаалаг тоолуурт холбожээ. Одоо гэр хорооллын 6000 өрхийг тоолууртай болгох ажил өрнөж байна. Мөн 545 аж ахуйн нэгжийн тоолуурыг шинэчлэх юм. Хөрөнгө нь тусгагдаагүй учраас айл өрхүүд стандартын шаардлага хангасан, кабелийн баталгаат утсыг өөрсдөө авах бол байгууллага, аж ахуйн нэгжүүд тоолуурын хайрцгаа худалдан авна гэж ЭБЦТС-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ