Хөрөнгө оруулалтыг татахад "Төвийг сахих статус" чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-10-12 15:53:44

Өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд “Монгол Улсын төвийг сахих бодлого ба Монгол-Европын харилцаа” сэдвийн дор дугуй ширээний ягилцлага боллоо.

Энэ удаагийн уулзалтад ХБНГУ-ын Конрад Аденауэр сангийн суурин төлөөлөгч доктор Даниэл Шмүкинг, Туркменистан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Чинар Тажиева Рустамова,  Стратеги судалгааны хүрээлэн/ССХ/-гийн захирал Д.Ганбат, ССХ-гийн Оршин тогтнохуйн судалгааны секторын эрхлэгч Г.Базарваань нар оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны 9 дүгээр сард "Монгол: Төвийг сахих" өгүүллээ бичиж, НҮБ-ын индрээс Монгол Улс байнгын төвийг сахих статусын хууль санаачлан УИХ-д өргөн барьснаас хойш ахмад дипломатууд, эрдэмтэн судлаачид төвийг сахих бодлогын онол, практикийн асуудлыг хөндөн ярилцаж, олон улсын туршлага, алдаа онооны талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх болсон юм.

Монгол Улс төвийг сахих статусын асуудлаар салбарын судлаач, эрдэмтдийн хийсэн энэ удаагийн дугуй ширээний ярилцлага амжилттай боллоо. Төвийг сахих статуст харилцан адилгүй байр суурийг илэрхийлж байна. Тухайлбал, Монгол Улс байнга төвийг сахих нь хоёр хөрш орны дипломат харилцаанд сэв суух эрсдэлтэй, уламжлалт хөршөөсөө дайжих буруу санал гэж харах зарим судлаач үздэг бол эсрэгээрээ төвийг сахих статус нь дэлхийн улс орнуудын Монголд итгэх итгэл нэмэгдэж, тэр хэрээр Монгол Улсад оруулах хөрөнгө, санхүүжилт өсөн санхүүгийн төв улс болох боломж хэмээн дүгнэх судлаачид ч байгаа юм.

"Зарим судлаач Монгол Улс байнга төвийг сахих статусыг "Гадаад бодлого" гэж буруу ойлгон, шүүмжилдэг байна. Гэхдээ төвийг сахих статус нь тусгай бодлого биш улсынхаа гадаад бодлогыг хэрэгжүүлэх нэг хэлбэр" гэдгийг Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач Г.Базарваань тайлбарлалаа.

Харин "Монгол байнга төвийг сахих нь олон улсын харилцаагаа бэхжүүлэх, эдийн засгийн салбарт ярьсан хэлэлцээр, хөрөнгө оруулалтаа бодит болгох том боломж" хэмээн доктор Даниэл Шмүкинг тодотгов.

Монгол Улсын гадаад бодлого өнгөрсөн жилүүдэд харьцангуй нэгдмэл байж ирсэн юм. Төвийг сахих гэдгийг аль нэг талд орохгүй тэгш шударга байхыг хэлдэг. Батлан хамгаалах салбарын тухайд  Монгол Улсын Үндсэн хуульд: Өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна гэж заажээ. Монгол Улсын Батлан хамгаалах салбар энхийг эрхэмлэсэн гадаад бодлого баримталдаг.

Туркменистан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Чинар Тажиева Рустамова Туркменистаны байнгын төвийг сахих бодлогын ололт, амжилт, учирч буй сорилтын талаар сонирхуулсан нь оролцогчдын анхаарлыг татаж байв.

Дашрамд дурдахад, ХБНГУ-ын Конрад Аденауэр сан нь 1993 оноос эхлэн Монгол Улсад суурин төлөөлөгчөө томилон ажиллуулж байгаа улс төрийн сан бөгөөд ардчилсан төрийн болон нийгмийн байгууллыг хөгжүүлэх зорилготой байгууллага юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ