В.Путин: Сэргээштэй тэмцэх тогтолцоо ил тод байх ёстой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2016-10-12 15:15:33

КОВРОВ. /TASS/. Дэлхийн спорт дахь сэргээштэй тэмцэх тогтолцоог ойлгомжтой дүрмээр зохицуулж, нээлттэй байлгах хэрэгтэй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв.

"Спорт мэдээж сэргээшээс ангид байх ёстой. Гэхдээ энэ чухал салбарт сэргээшийг хэрхэн хянаж, шалгаж байгааг ямар нэгэн эргэлзээгүйгээр мэдэж байх хэрэгтэй. Хэнийг, хэрхэн, хэзээ, ямар аргаар шалгасан болон дүн нь яаж гарсан, дүн гарсны дараа ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдгийг бид бүгд мэдэж байх ёстой" гэж тэрбээр Оросын Владимир мужид болсон Олон улсын спортын форумын үеэр онцлон дурдсан байна.

В.Путин цааш нь хэлэхдээ "спортод байгаа аливаа зөрчлийг арилгах нь яах аргагүй чухал. Спорт бол хүмүүс хоорондоо харилцах түгээмэл хэл гэж үздэг. Бид спортын цэвэр ариун байдлыг хангахын төлөө боломжтой бүхнийг хамтран хийх ёстой. Ингэснээр спорт нь туйлын ил тод, улс төрөөс ангид байх боломж бүрдэнэ. Цэвэр ариун спортын үнэ цэнэ, үзэл санаа нь улс орнууд, ард иргэдийг нэгтгэх болно" гэлээ.

Өнөө үед улс төрийн бодлого спорттой холилдож байгааг тэрбээр шүүмжилжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ