“Парис-2024” Паралимпын наадамд оролцох тамирчдаа хүлээн авч, амжилт хүслээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ сарын 9-нд “Парис-2024” Паралимпын зуны XVII наадамд оролцох тамирчидтай уулзаж, хүндэтгэл үзүүллээ.
Сайд Л.Энх-Амгалан тамирчдадаа амжилт хүсэж, цаашид бэлтгэл сургуулилалт хийх талбайг тохижуулж, нийгмийн асуудлыг бодитоор шийдвэрлэн, тэргэнцэр, протез, ортопед зэрэг техник хэрэгслийг орчин үеийн шаардлагад нийцүүлэхэд онцгой анхаарал хандуулж, бодлогоор дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.
Монголын Үндэсний Паралимпын хороо нь 22 салбар, орон нутагт 21 зөвлөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж, 16 төрлөөр нийт 4500 гаруй хүүхэд, залуучууд, тамирчид хичээллэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортоор хичээллэх бүхий л нөөц бололцоогоор хангах үүднээс БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Тусгай тоноглол бүхий спорт цогцолборыг барихаар ажиллаж байгаа аж.
Энэ удаагийн наадамд манай улсын 12 тамирчин байт харваа, жүдо, таеквондо, пауэрлифтинг, хөнгөн атлетик, усанд сэлэлт гэсэн зургаан төрлөөр оролцоно. 1988 оны Сөүлийн олимпоос эхэлсэн Паралимпын наадамд Монгол Улсын пара спортын тамирчид 2000 оны зуны олимпоос эхлэн оролцож, хоёр алт, гурван хүрэл медаль хүртсэн юм.